Д. Үүрийнтуяа: Нийтээрээ нэгдсэн ойлголтод хүрэх нь “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийн гол зорилго
Ашигт малтмалын газрын дэд дарга Д. Үүрийнтуяатай ярилцлаа.
Уул уурхайн яам “Эрдэс баялгийн салбар-2025” олон нийтийн хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулах гэж байна. Ашигт малтмалын газар энэ хурлын зохион байгуулах ажилд ямар үүрэг оролцоотой байна вэ?
“Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг зохион байгуулах ажилд Уул уурхайн яамны харъяанд байдаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газар оролцож байгаа. Би зохион байгуулах Ажлын хэсэгт ажиллаж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд,орон нутгууд хэрхэн хамтарч ажиллах, энэ чиглэлээр 2025 он хүртэл ямар бодлого баримтлах вэ зэрэг асуудлыг хэлэлцүүлгээрээ хөндөж ярилцана.
Өнгөрсөн хугацаанд Уул уурхайн яаман дээр “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг угтаж нүүрс, алт, зэс, геологийн чиглэлээр салбар хэлэлцүүлгүүд явагдсан. Эдгээр салбар хэлэлцүүлгээс гарсан гол гол санал, зөвлөмжүүдийг үндсэн хэлэлцүүлгийн үеэр мөн ярилцана. Хамгийн гол нь 2025 он хүртэл эрдэс баялгийн салбарыг хэрхэн тогтвортой хэрэгжүүлэх вэ гэсэн гол бодлогыг хөндөж ярих ёстой.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байна. Эдгээр хууль эрх зүйн баримтыг батласны дараа хуулиуд, тогтоомжуудыг олон нийтэд сурталчлах, уул уурхайн салбарт бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн иноваци нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид хэрхэн тогтвортой бодлого баримтлах вэ, эдийн засгийн үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх зэрэг агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.
Түүнчлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх талыг нэгдсэн ойлголтод хүргэх нь энэ хурлын томоохон зорилго. Уул уурхайн яам мэргэжлийн холбоодтой санамж бичиг байгуулж байна. Өмнө нь бол яам бодлогоо ярьдаг, мэргэжлийн холбоод өөр өнцгөөс ярьдаг, зарим тохиолдолд бие биенээ үгүйсгэдэг, ойлголцдоггүй байсан. Тэгвэл бид энэ хандлагаа өөрчилж, хамтдаа нэг бодлогоор хөгжил рүүгээ нэг ойлголттой явах ёстой.
Мэргэжлийн холбоодын хувьд Уул уурхайн яам, холбогдох агентлагуудтай шинэ түвшинд хамтран ажиллахаар болж байна. Тэгвэл энэ салбарт голлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ямар чиглэлээр хамтарч ажиллах вэ?
Бид геологи, уул уурхайн компаниуддаа зориулж хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, төрөөс үзүүлж буй үйлчилгээгээ чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, нээлттэй, ил тод, ойлгомжтой болгох гэх мэтээр шинэчлэх ажлуудыг санаачлан хийж байна.
Нөгөө талаас геологи, уул уурхайн компаниуд маань нийгмийн хариуцлагаа сайжруулах, байгаль орчинд халгүй техник, технологи нэвтрүүлэх, компанийн засаглалыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлэхэд энэ хэлэлцүүлэг гол чиглэлийг өгч, энэ тал дээр үүргээ сайн биелүүлж байгаа компаниудын туршлага, амжилтын талаар ярилцана. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүд Уул уурхайн яамтай хамтарч ажиллах саналаа илэрхийлж байна.
Гэхдээ бид аймаг, орон нутаг руу хандсан ажлуудыг зохион байгуулах нь юу юунаас чухал болж байна. Аймаг, орон нутагт геологи хайгуулын ажил хийхээр очсон хүмүүс маань ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Гэтэл геологийн ажлууд голчлон эрдэм шинжилгээний ажлууд байдаг л даа.
Монгол улсын нөөцийн санг нэмэгдүүлэх, хөрсөн дор ямар ямар эрдэс баялаг байгаагаа илрүүлж дэлхийн зах зээлд өрсөлдөх баялгын сангаа арвижуулахад улсын болон хувийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологи, хайгуулын ажил ихээхэн чухал нөлөөтэй. Жишээ нь Монгол улс нь өнөөдөр 1:200000-ны Улсын геологийн зураглалаар 99,1 хувь бүрхэгдээд байгааг 2016 онд 100 хувьд хүргэх, 1:500000 ны Улсын геологийн зураглалаар 29,7 хувьтай байгааг 2016 онд 40 хувьд хүргэхээр зорилго тавиад ажиллаж байна.
Энэ ажлыг хийж, тогтоох гэх зэрэг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр тендерт ялж геологи, хайгуулын ажил хийхээр очсон газруудын ажлыг орон нутгийн иргэд шууд л ухаад, олборлоод эхлэх нь гэж буруу зөрүү ойлгодог. Гэтэл энэ нь судалгааны л ажил шүү дээ. Бид хөрсөн доорх эрдэс, баялгаа бүрэн судалж байж цаашид ямар бодлогоор уул уурхайг хөгжүүлэх вэ гэдэг бодлогыг тодорхойлоход хэрэгтэй. Гэтэл зарим улс орон геологи, палентлоги, геохими, геофизик, гедрогеологийн цогц судалгаагаа 3D 4D зарим нь одоо 5D ээр хийчихсэн байна. Тэгэхээр бид судалгааныхаа ажилд ямар их хоцрогдсон байгааг харуулж байна.
Түүнчлэн өнөөдөр манай геологийн алба нь маш олон салсан байдалтай байгаа хөрсний, геологийн, усны судалгаа бүгд тус тусдаа байгааг нэгтгэн Монгол улсын Геологийн алба байгуулахаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогодоо тусгасан.
Тийм учраас “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэгт аймаг, орон нутгийн удирдлагууд, тэр тусмаа уул уурхайн үйл ажиллагаа олноор эрхэлдэг аймаг, орон нутгийн Нутгийн удирдлагын байгууллага, төр, захиргааны хариуцлагатай албан тушаалтнуудыг урьж оролцуулан саналыг нь сонсч, яамны бодлого чиглэлээ танилцуулна. Нэгдүгээр сарын 15-ны болох хэлэлцүүлэг "Уул уурхай ба эдийн засаг, нийгмийн нөлөөлөл", "Уул уурхай ба Хөдөө , орон нутаг", "Уул уурхай ба Байгаль орчин, уурхайн хаалт, нөхөн сэргээлт", "Уул уурхай ба өрсөлдөх чадвар" гэсэн үндсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр явагдана.
Уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн оролцоо тун чухал. Цаашид аймаг, орон нутгийн оролцоо, үүрэг хариуцлага илүү өндөр болгохыг төрөөс баримтлах бодлого, хуулиндаа тусгаж байгаа учраас энэ талаар нэг бие даасан салбар хуралдаан болно.
Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн нэгэн үе ард хоцорсон ч ард иргэдийн дунд энэ салбарын нэр хүнд тааруу, сөрөг хандлагатай байр сууриуд байсаар байна. Энэ хандлагыг “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг хэр нөлөө үзүүлэх бол?
Нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарын талаар иргэдэд зөв мэдээлэл, зөв ойлголт өгч байгаагүй юм болов уу гэж боддог. Жишээ нь, 2005 онд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 5913 буюу нийт газар нутгийн 69,6% байсан бол 2008 онд 5202 буюу 49,4 хувь, 2010 онд 4762 буюу 38,7 хувьтай байсан байна.
Ашигт малтмалын газраас сар бүр гаргадаг статистик мэдээллээр бол өнөөдөр 3055 тусгай зөвшөөрөл байгаа нь манай улсын нийт газар нутгийн 9,7 хувийг л эзлэж байх жишээтэй.
Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нийт газар нутгийн 0,6 хувь л байна. Үлдсэн 9,1 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг бүгдийг ашиглана гэсэн үг биш. Хэрвээ хайгуул хийсэн талбай нь эдийн засгийн үр ашиггүй, нөөцгүй тохиолдолд талбай буцаагддаг, нөөцгүй хэсгээ хэсэгчлэн хасалт хийх зэргээр жил ирэх бүр багасах боломжтой. Тэгэхээр ард иргэдийн ярьдагчлан Монголын нутаг дэвсгэр бүхэлдээ хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болчихсон хэрэг биш. Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол тулгуур болж буйн хувьд ард иргэд бүгдээрээ нэг ойлголттой байж л энэ салбарыг ахисан түвшинд хүргэх хэрэгтэй болно.
Манай аймаг, орон нутгийн иргэд геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн хариуцлагатай, компанийн засаглалыг хэрэгжүүлж чадсан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангаж чадсан аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хамтран ажиллах, хамтын ажиллагааны гэрээ байгуулах замаар орон нутгийн дэд бүтэц болон сум орон нутгийн хөрөнгө оруулалтад оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх нь чухал гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ хэлэлцүүлгээс тодорхой үр дүн гарах болов уу гэж итгэж байна.
Уул уурхайн яам байгуулагдсанаасаа хойш “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлыг сэтгүүлчдийн дунд нээлттэй зохион байгуулдаг болсон. Энэ хурал нийгэмд зөв мэдээллийг хүргэхэд түлхэц өгч байгаа юу?
Ямар нэг мэдээллийг дарагдуулаад байх тусам хүмүүсийн анхаарлыг ил татаж байдаг. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Уул уурхайн яам уул уурхайн салбарыг өөрчилье, шинэчилье гэдэг үүднээс “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлыг сар болгон хийдэг болсон. Уул уурхайн салбарт хийсэн гол гол ажлуудаа мэдээлэхээс гадна, иргэдийн, хэвлэл мэдээлэлийнхний хүсч буй асуултад хариултыг гэдэг. Энэ нь геологи, уул уурхайн салбарт болж байгаа мэдээллийг цаг алдалгүй олж авахад тун хэрэгтэй ажил болсон гэж бодож байна.
Манай Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газрын мэдээ мэдээллийг цахим болгох, уулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахимаар авах, компьютержсэн кадастрын системийг нэвтрүүлэх ажлууд амжилттай хэрэгжиж байгаа.Мөн сар болгоны статистик мэдээлэл, зах зээлийн үнэ ханш зэрэг шаардлагатай мэдээ, мэдээллийг манай вэб сайтаас авах боломжтой.
Г.Идэр