Ашигт малтмалын газрын Геологийн албаны Региональ судалгааны тасгаас Улсын төсвийн хөрөнгөөр  геологийн судалгааны ажил гүйцэтгэж  буй  компани, аж ахуйн нэгжийн удирдлагын уулзалтыг 2014.02.21-ний өдөр хоёр дахь удаагаа зохион байгуулж, 28 компани, аж ахуйн нэгжийн захирал, ерөнхий геологч, ерөнхий нягтлан бодогч нар хамрагдлаа.

Ярилцлагад АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болд, тус албаны Региональ судалгааны тасгийн дарга Д.Оюунцэцэг нар Геологийн албаны үйл ажиллагаа болон РСТ-ын үйл ажиллагааны 2013 оны тайлан, 2014 онд хийх ажлын мэдээллийг хийж, улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлууд нь Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  “Геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл”, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журам”, хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэж байгааг онцлон дурдсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа геологийн судалгааны ажил нь 1:200000-ны масштабтай геологийн иж бүрдэл зураг зохиох УГЗ-200 төсөл, 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн төсөл, сэдэвчилсэн судалгаа, хамтын ажиллагааны төсөл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр явагдаж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн  99,1 хувьд нь 1:200000-ны масштабтай геологийн зураглал хийгдсэн, 30,31 хувь нь 1:50000-ны масштабтай зураглалын ажлаар бүрхэгдсэн байна.

Монгол улсын Засгийн Газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт геологийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулан, геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Монголын Үндэсний геологийн албыг шинээр байгуулах, нутаг дэвсгэрийн геологийн зураглал, эрэл, хайгуулын ажилд зарцуулж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж, геомэдээллийн санг баяжуулах, эрдэс баялгийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллаж байна.

Монгол улсын Засгийн Газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд 2016 онд нийт нутаг дэвсгэрийн 40 хувийг хамруулах  зорилтыг хэрэгжүүлэхээр геологчид зүтгэл гарган ажиллаж байна.

“УГЗ-200” төслийг  2001 оноос хэрэгжүүлж Монгол орны нутаг дэвсгэрийн  хэмжээгээр авч үзвэл 2001-2010 онд нутгийн 33,27 хувь, 2012 онд 23.46 хувь  нийтдээ 56.73 хувь нь бүрхэгдэж, 2013-2016 онд үргэлжлэх төслийн талбай 43,27 хувийг эзэлж  байна.

1:50000-ны масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн ажил Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт хийгдэн,  2013 онд 35 төсөл  хэрэгжиж,  2014 онд шинээр 17 төсөл хэрэгжихээр төлөвлөж байна.

Сэдэвчилсэн судалгааны хувьд Өмнийн говийн гидрогеологи-геоэкологийн иж бүрдэл зураг зохиох, геоэкологийн үнэлгээний ажлын эцсийн үр дүнгийн тайланг хамгаалж, 2012-2014 онуудад “Өмнөд говь-2012” 1:200 000-ны масштабтай гидрогеологи-геоэкологийн иж бүрдэл зураг зохиох, геоэкологийн үнэлгээний ажлын төсөл үргэлжлэн хэрэгжиж байна. Монгол орны хэмжээнд газрын ховор элементийн металлогени, түүний хэтийн төлөвийн судалгаа шинэр эхлэн, ШУТИС-ийн профессорын баг гүйцэтгэж байна.

Хамтарсан төслийн шатанд ОХУ, БНХАУ, БНКазУ, БНСУ-тай хамтран “Хойд-Төв-Зүүн Азийн 3 хэмжээст геологийн структурууд ба металлогени” төслийн 2-р шат амжилттай хэрэгжиж, үр дүнгийн тайланг хамгаалсан. Тэрчлэн “Монгол-БНХАУ-ын хил дагуух бүсэд 1:1000000-ын масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох” төсөл  “Монгол-БНХАУ-ын хил дагуух бүсэд 1:1000000-ын масштабын геохимийн зураг зохиох” төсөл амжилттай хэрэгжсэн. Монгол улс Чех улсын хамтын ажиллагааны хүрээнд 2013-2016 онд Ховд аймгийн Мөнххайрхан, Зэрэг, Манхан сумын нутаг дэвсгэрт 1:50000-ны масштабтай геологийн зураглал, геохимийн эрлийн ажлын “Монгол Алтай-50” төсөл хэрэгжиж байна. Мөн Польш улстай хамтран Говь-Алтай аймаг Баян-Уул, Шарга, Жаргалант сумдын нутаг дэвсгэр дэх Хасагтын талбайд геологийн судалгааны болон эрлийн цогц ажил хийгдэж байна. Бүгд Найрамдах Солонгос улсын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-тай хамтран хэрэгжүүлэх “Хангайн бүсийн зүүн урд хэсэгт геологийн судалгаа болон ашигт малтмалын хайгуул хийх” техникийн хамтын ажиллагааны төсөл амжилттай хэрэгжсэн.

Ярилцлагын төгсгөлд улсын төсвийн хөрөнгөөр геологи судалгааны ажил гүйцэтгэсэн компаниудын ирүүлсэн 2013 оны тайланд хийсэн дүн шинжилгээг танилцуулан амжилт ололт, алдаа дутагдлын талаар ярилцаж, 2014 оны ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцүүлэг хийж, асуулт хариулт өрнөлөө.

Ярилцлагад оролцсон компанийн төлөөлөгчид уулзалтыг хоёр дахь удаа зохиож байгаад талархал илэрхийлж цаашид жил бүр хийж байхыг санал болгож, санхүүжилтийн журмыг боловсронгуй болгох, сонгон шалгаруулалтыг геологийн хээрийн ажил эхлэхээс өмнө  дуусгаж байх, хөдөө орон нутагт ажиллахад орон нутгийн байгууллагын зүгээс дарамт шахалтгүй ажиллахад дэмжлэг үзүүлэх, геологчдын хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх талаар санал бодлоо хэлжээ.

Ярилцлагын ажиллагаанд Монголын Стратиграфийн комиссын зөвлөх гишүүн, доктор Ч.Минжин оролцож Монголын Стратиграфийн комиссын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, компанийн төлөөлөгчдөд цаашид анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өглөө.