Б.Баатарцогт: АМГТГ 2017 онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр салбарын цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус хурлаар салбарын өнөөгийн байдал, шинээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, зах зээлийн байдалт, татвар төвлөрүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт “АМГТГ нь 2016 онд улсын төсөвт нийт 183.3 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.
2016 онд улсын төсөвт нийт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 23.1 тэрбум төгрөгөөр буюу 14.4 хувиар давуулан биелүүллээ. АМГТГ нь 2017 онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Тус салбарын төвлөрүүлэх татварын эх үүсвэр нь:
- Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр -37 тэрбум төгрөг
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр - 2.0 тэрбум төгрөг
- Бусад орлого 5.5 тэрбум төгрөг байна.
2016 онд Монгол Улсын ДНБ-ий 17 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн бөгөөд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 71 хувь буюу 6.2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. 3.7 тэрбум ам долларын үнэ бүхий уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн экспортод гарсан нь нийт экспортын 87 хувийг эзэлж байна.
АЛТ ОЛБОРЛОЛТЫГ 25 ТОННД ХҮРГЭНЭ
Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 он гэхэд улсын хэмжээний алтны олборлолтыг жилд 25 тоннд хүргэж, эдийн засгийг сэргээх “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Монголбанкны мэдээллээр 2015-2016 онд алт тушаалтын хэмжээ өсөлттэй байгаа бөгөөд 2016 онд 18.51 тонн алт тушаагдсан байна.
Харин манай улсын нүүрсний нөөц 1.2 тэрбум тооноор нэмэгджээ. Улсын хэмжээнд нүүрсний 21 уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн оролцоотой зургаан компани байна.
Газрын тосны тухайд улсын хэмжээнд 32 хайгуулын талбай байгаагаас 25 талбайд нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа тухай мэдээллээ. 2016 онд 1.1 сая тонн газрын тос олборлож улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ 44 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА
Хуулиар Монгол Улс шатахууны хэрэглээний 30-аас дээр хоногийн нөөцтэй байхаар заагдсан байдаг. Тэгвэл 2017 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 44, дизелийн түлш 53, TC-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй байна.
Эх сурвалж: http://www.ikon.mn/n/xct