Хамтран ажиллах гэрээ, Санамж бичиг байгуулав

АМГ, ТЕГ, ГЕГ-ын хооронд Хамтран ажиллах гэрээ, АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд Экспортийн нүүрсний дээжинд хяналт, шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулах ёслол болов.

Уул уурхайн яамнаас гаргасан санаачилгын дагуу төрийн байгууллагууд хоорондын үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэх, харилцан мэдээлэл солилцох ажиллагааг эрчимжүүлэх зорилгын хүрээнд АМГ, ТЕГ, ГЕГ гэсэн гурван агентлагийн хооронд Хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Гэрээнд АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, ГЕГ-ын дарга О.Ганбат нар гарын үсэг зурав.

Тэрчлэн АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд Экспортийн нүүрсний дээжинд хяналт, шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллах Санамж бичигт АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн дарга С.Алтанхуяг, ГЕГ-ын дарга О.Ганбат Гаалийн төв лабораторийн дарга Ц.Отгонгэрэл нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд АМГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, ГЕГ-ын Гаалийн татвар, гаалийн тарифын газрын дарга Я.Эрдэнэчимэг, Хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар байлцав.

Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд хамтын ажиллагааны  Санамж бичгийг байгуулснаар Гаалийн төв лабораториос Монгол улсын хилээр нэвтэрч буй нүүрсний дээжүүдийг АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторид ирүүлж үр дүнг тухай бүр хүлээж авах юм. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн экспортоор гаргаж буй нүүрсэнд чанарын хяналт хийгдэх юм. Мөн хоёр лаборатори нь тус тусын лабораторийн үйл ажиллагаатай харилцан танилцах, мэдээлэл, туршлага солилцох, мэргэжлийн чиглэлээр тухайлсан асуудлаар зөвлөлдөх арга хэмжээг зохион байгуулж ажиллана.

АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори нь анх 1969 онд хатуу түлшний лаборатори нэртэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш нүүрсний шинжилгээ, туршилтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, уул уурхайн үйлдвэрийн орчны хөрс, усны бохирдлын шинжилгээгээр нэмж хүрээгээ өргөтгөсөн магадлан итгэмжлэгдсэн лаборатори юм.