Хүннү гүрний 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг агентлагийн албан хаагчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч, харилцагч байгууллага, Монголын нийт ард түмэн та бүхэндээ хүргэж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2014 онд "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-ын баримт бичиг, "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль", "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулиуд батлагдаж эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин сайжирч Шинэчлэлийн Засгийн Газраас зарласан "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног-ийн ажил эрчимтэй явагдаж байна.

Манай агентлагийн хамт олон 2014 оны эхний хагас жилийн ажлаа 90 хувиас дээш хувийн амжилттай гүйцэтгэж хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаа.

Сүүлийн хагас жилд шинэ хуулиудыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллага,харилцагч, хөрөнгө оруулагчиддаа хөнгөн шуурхай, нээлттэй ил тод үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмаар айл хотол, ахан дүүсээрээ өргөн дэлгэр сайхан наадаж морь тань хурдан, бөх тань хүчтэй, нум тань мэргэн байхын ерөөл өргөе.

Д.Үүрийнтуяа

Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч