Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол гарч тус тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 106 талбайд сонгон шалгаруулалт зарлахаар болсон.

Хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын 106 тусгай зөвшөөрлийн 18 талбай нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан талбай,  9 талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай, 1 талбай нь стратегийн орд газартай давхцалтай,  32 талбай нь урт нэртэй хуультай давхцалтай,  46  талбай нь ямар нэгэн давцалгүй  талбайнууд байна.

Давцалгүй талбайнуудаас Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолд  заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоосон 14 талбайд сонгон шалгаруулалт зарлаж, үүнээс “Ногоон тал”, “Довцог худаг”, “Хашаатын хөндий”, “Хөх толгой”, “Цогт хайрхан уул”, “Улаан эрэг”, “Бага хөх цав”, “Хөх хошууны худаг”, “Хонхор дэрс”, “Товцог хайрхан уул”,  ”Хар ат уул”  гэсэн нэр бүхий 11 талбайд сонгон шалгаруулалт хийгдэж тусгай зөвшөөрөл олгож байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардуулж өглөө.

Сонгон шалгаруулалтад санал ирээгүй 3 талбайг АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасан ердийн журмаар шийдвэрлэнэ.

Урт нэртэй хуультай давхцалтай талбайн давхцалыг арилгуулан солбицолд өөрчлөлт оруулж сонгон шалгаруулалтанд оролцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Дараагийн ээлжийн зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоосон 10 талбайд сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байна. Тус 10 талбай нь 5 аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийт 54,926.2 га талбайг эзэлж байна. Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 170.24 га, хамгийн том талбай нь 21,997.62 га байна. 

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР