УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж: Уул уурхайн салбар бол монгол улсын хөгжлийн зүтгүүр
Дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох PDAC олон улсын хурал энэ өдрүүдэд Канад улсын Торонто хотод болж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийг хуралд оролцохоор явахаас нь өмнө уулзаж, салбарынх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Та сайдаар томилогдоод хагас жил боллоо. Салбараа хэрхэн харж байна вэ?
-Аливаа улс харьцангуй давуу талтай аль нэг салбараа түрүүлж хөгжүүлэн, тэндээс бий болгосон хуримтлалаараа эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбараа дэмждэг. Энэ жишээг бид Сингапур, Арабын орнууд, Казахстан зэрэг улсуудаас харж болно.
Би гуравхан тоо хэлье. Манай салбар 2016 оны байдлаар нийт экспортын 86,3 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18хувийг дангаараа бүрдүүлж байна. Үүнээс харвал, Монгол Улсын эдийн засгийг галт тэрэгтэй зүйрлэвэл зүтгүүр нь яах аргагүй уул уурхайн салбар болжээ.
Би өөрөө газрын тосны талбайгаас ажлын гараагаа эхэлсэн энэ салбарын хүн. Нөгөөтэйгүүр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд 17 жил тасралтгүй буюу Барилга хот байгуулалт, Зам тээвэр, одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж салбар дундын уялдаа, холбоо, хүндрэл бэрхшээл, өнөөгийн нөхцөл байдлыг мэдэх болсон хүн. Энэ Засгийн газарт ажилласан анхны өдрөөсөө л хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч байна. Уул уурхайн салбарыг хөндлөнгөөс харахад хад чулуунд хамаатай юм шиг боловч үнэндээ бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар шүү дээ. Дэлхийн зах зээл бидний хүссэнээр зохицуулагдахгүй. Гэхдээ гадаад нөхцөл байдал өөрчлөгдөхөд бэлтгэлтэй, мэдрэмжтэй, аль болох урт хугацаанд үр өгөөжтэй байхад анхаарч ажиллахын чухлыг өнгөрсөн туршлага, цаг хугацаа сануулсаар, харуулсаар ирлээ. Тиймээс нэг шуурганд хоосордоггүй, нэг тарганд цаддаггүй гэдэг шиг өсөлт бууралтын аль ч үед үйл ажиллагаа нь хэвийн явдаг салбарыг бий болгохын төлөө ажиллаж байна.
-Та ажлаа юунаас эхлэв?
-Өнгөрсөн хугацаанд юун дээр алдаж, юун дээр оносныг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа. Олон жил хуримтлагдсан алдааг нэг шийдэл, шийдвэрээр засах боломжгүй. Салбарын нөхцөл байдлыг хөндлөнгөөс дүгнэсэн Байгалийн баялагийн засаглалын хүрээлэн, Фрейзерийн институт зэрэг олон улсын судалгааны байгууллагын үнэлгээ, хөрөнгө оруулагчдын саналыг нэгтгэн дүгнэж үзлээ. Монгол Улсын хөрөнгө оруулалт татах чадварыг бууруулж байгаа зүйлсийг нөлөөллөөр нь жагсаавал Дүрэм, журмын давхцал, Хууль эрх зүйн ойлгомжгүй, тогтворгүй байдал, Мэдээллийн ил тод бус байдал, Дэд бүтцийн сул хөгжил, Эрчим хүчний дутагдалтай байдал орж байна.
Тэгэхээр бид эн тэргүүнд эрх зүйн орчноо цэгцэлж авахаар шийдсэн. Хууль тогтоомж, дүрэм журам тодорхой, тэр нь тогтвортой байх гэдэг бол аливаа хөрөнгө оруулагчдын "анхдагч" хэрэгцээ. Энэ хэрэгцээг баттай хангах тогтвортой, ойлгомжтой орчинг бүрдүүлээгүй цагт бидэнд зам, цахилгаан юу ч байгаад нөхцөл байдлыг сайжруулахад учир дутагдалтай.
Уул уурхайн салбарын харилцааг 30-аад хууль зохицуулж байгаагаас хамгийн гол баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хууль. Яг үнэндээ тус хууль нь “тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг зохицуулахад хэт төвлөрөөд түүнийг даган үүсэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уурхайн удирдлага зохион байгуулалт,нөхөн сэргээлт, хаалттай холбоотой харилцааг зохицуулж чадаагүй нь эргээд олон нийтийн дунд уул уурхайн салбарт итгэх итгэлийг үгүй хийж, цаашилбал энэ салбарын нэр хүндийг дордуулсан харагдаж байгаа юм. Амьдралд тулгарч байдаг бодит хүндрэлүүдийг яаралтай даван туулж ойлгомжтой, тогтвортой бодлогыг тодорхойлохын тулд Уул уурхайн тухай хуульболовсруулах ажлын хэсгийг нэн даруй байгууллаа. Ийм хуультай болсноор хүрээлэн буй орчин дахь сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд барьж, нийгэмд хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэг алхам хийх юм.
Хуулийн төсөлд төрийн захиргаанаас үзүүлэх үйлчилгээг аль болохоор хялбарчлах, нэг цонхны бодлогоор шийдвэрлэх, төрийн байгууллагын хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зохицуулалтыг хийсэн. Ингэснээр ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн бүрдүүлж салбарын хөгжлийн талаарх олон нийтийн ойлголт, итгэл үнэмшлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Дашрамд дурдахад Засгийн газраас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн итгэлийг нэмэгдүүлэх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан. Манай яам энэ ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж байна.
-Та “Discover Mongolia” чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох журмыг өөрчлөх тухай” онцолж байсан.
-Тийм ээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгаас өргөдөл тус бүрээр санал авдаг журмыг өөрчилж, хайгуулын зөвшөөрөл олгох талбайн талаар Засгийн газар болон орон нутаг нэгдсэн саналд хүрсэний дараа тусгай зөвшөөрөл олгодог байх тухай ярьсан юм. Өнгөрсөн хугацаанд бий болсон хамгийн том хүндрэл бол тусгай зөвшөөрлийг төвөөс авсан хөрөнгө оруулагчид дахиад орон нутгаас дэмжлэг авахын тулд захиргааны хүнд суртал, ойлголтын зөрүү гэх мэт саад бэрхшээлтэй тулгардаг явдал юм. Зөвхөн энэ үйл явц л гэхэд нэг талаас хөрөнгө оруулагчдыг залхаах, нөгөө талаас авилга үүсэх сэдлийг бий болгож байсан.
Манай улс хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр өөр зарчим, журмаар олгож байгаа. Нэгдүгээрт, сонгон шалгаруулалтын журам буюу тендерийн зарчмаар; хоёрдугаарт, өргөдлийн буюу хэн түрүүлж хүсэлт гаргасан нь авах зарчмаар. Одоогоор хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар хэвийн олгож байна. Цаашид улам боловсронгуй, ил тод болгох шаардлага бий.
-Хөрөнгө оруулалт татах чадварт геологийн салбарын нөлөөлөл бас чухал. Энэ салбарыг хэрхэн дэмжих вэ?
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг 2010 онд зогсоосон. Эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт өндөр байсан тухайн үед тусгай зөвшөөрлийн тоо 4000-д хүрч байлаа. Түүнээс хойш нэлээд буурсан. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2015 оноос дахин тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Өнгөрсөн оны эцсийн байдлаар хайгуулын 2022, ашиглалтын 1558 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Энэ талбай нь Монгол Улсын нийт газар нутгийн 8.9 хувийг эзэлж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай найм, ашиглалтынх нь 0.9 хувийг эзэлдэг. Энэ бол бусад уул уурхайн эдийн засаг голлосон орнуудтай харьцуулахад бага тоо. Алс хэтдээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд уул уурхай хөгжүүлж болох талаар ярьж байна. Магадгүй геологи хайгуул огт хийгдээгүй энэ их талбайд дараагийн Оюутолгой шиг орд байж л таараа. Тийм учраас хайгуулын ажлыг тэргүүн ээлжинд дэмжих бодлогын арга хэмжээг авна. Нөгөө талаар цуглуулсан мэдээ, мэдээллээ үр ашигтай ашиглах, Монгол Улс хэдий хэмжээний нөөцтэй, түүнээс яг аль хэсгийг нь хэрхэн зохистой ашиглах вэ гэдгийг ч хүртэл тодорхой болгох шаардлагатай байгаа юм.
-Танай яамны эрхлэх асуудлын нэг хэсэг нь Хүнд үйлдвэрийн салбар. Энэ салбарт ямар ажил өрнөж байна вэ?
-Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр гурвыг салгаж төлөвлөж болохгүй. Энэ агуулгаар асуудалд цогцоор хандах учиртай. Өнөөдөр уул уурхайн салбарын энэ гурван хэлхээний бие биеэ нөхцөлдүүлсэн хөгжлийн төлөвлөлтөд тасалдал гарсан байна. Энэ доголдолыг аль болох хурдан хугацаанд засах хэрэгтэй. Тухайлбал нүүрс, зэсийн хайгуул, олборлолт хөгжөөд явсан байхад түүнийг өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож хувиргах хүнд үйлдвэр нь хоцорчихсон байна. Тийм ч учраас манай Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дөрвөн том үйлдвэрийн төсөл орсон байгаа. Ашиглалтад оруулахад мэдээж нэлээд хугацаа, тууштай бодлого шаардана.
Эхнийх нь Дархан-Сэлэнгийн бүсэд байгуулах хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн энэ төслийн үйлдвэрийн ТЭЗҮ нь ирэх долдугаар сард эцэслэн бэлэн болно. Нийт 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Энэ төслийн хүрээнд Монгол Улсад анхны давтах аргын технологитой, орчин үеийн тэргүүлэх технологид суурилсан бүрэн автомат удирдлага, хяналтын системтэй үйлдвэр хэдхэн хоногийн өмнө ашиглалтад орлоо. Хүнд үйлдвэрийн салбарын хоёр дахь том төсөл бол Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр. Энэ үйлдвэрийн ТЭЗҮ ирэх дөрөвдүгээр сард бэлэн болно. Ингээд хөрөнгө оруулалтаа босгоод явах юм бол бүтээн байгуулалтын ажилд дөрвөн жил шаардагдана. Үйлдвэр 725 сая метр куб байгалийн нийлэг хий үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын утааг арилгах төсөл хэрэгжих боломжтой болж, агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулах юм. Гурав дахь төсөл нь Оюутолгойн уурхайг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр. Жилдээ 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, 1.9-2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Дөрөв дэх нь Газрын тос боловсруулах үйлдвэр. Бид Дорнод аймгийн Матад сум буюу 19, 21 дүгээр талбайгаас олборлож байгаа түүхий эддээ тулгуурласан газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ойролцоогоор 507 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 300 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэх юм. Ийм зорилготой ажиллаж байна.
-Саяхан танай Засгийн газар “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарлалаа. Энэ хөтөлбөрөөр ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Монгол төгрөгийн ханш унасан, эдийн засгийн өсөлт саарсан үед энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаад зогсчихоод байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх, эрдэс баялагийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хамгийн гол нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил учраас “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шат 2017-2018 онд, хоёрдугаар үе шат 2018-2020 онд хэрэгжих болно. Нэгдүгээр үе шат буюу ойрын хоёр жилийн хугацаанд холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх замаар алтны нөөцийг өсгөх, бэлэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль бус олборлолтыг таслан зогсоох арга хэмжээ авна. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс “Алт-2” хөтөлбөрийн зөвлөлийн дэргэд Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрууд оролцсон хяналт, үнэлгээний нэгжийг байгуулан ажиллах юм. Мөн хууль бусаар алт олборлож буй газруудыг эзэнжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох замаар байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлуудыг шийдвэрлэхээр холбогдох заалтуудыг хөтөлбөрт тусгасан.
Харин хоёрдугаар шатанд Алтны хайгуул, олборлолт, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, алтны олборлолтыг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлсээр 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлосон байх бөгөөд алтны нөөц 100-150 тонноор нэмэгдсэн байх зорилт тавьж байна.
Мөн Уул уурхайн тухай хуулийн төсөлд хууль бусаар алтны олборлолтыг зогсоох чиглэлийн зохицуулалтуудыг тусгаж байна. Тухайлбал алтыг тушаахдаа гарал үүслийг тодорхой болгож, тухайн жилийн төлөвлөгөөтэй уялдуулах, ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг жил бүр хийж ордын ашиглалт, хаягдал, бохирдлын хэмжээ, металл авалтыг тооцдог зарчимд шилжих, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулалтад орж холбогдох гэрээ хэлцэл хийсэн тохиолдолд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох асуудлыг зөвшөөрөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайн зохион байгуулалтад орсон нөхөрлөл, хоршоо эрхлэх этгээдээс бусад этгээдийг олборлолт явуулахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгаад хэлэлцүүлж байна.
-Өмнөх “Алт-1” хөтөлбөрийн үр дүнг тооцож үзсэн үү?
-Анх 1991 онд “Алт хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлснээр алтны олборлолт, экспорт мэдэгдэхүйц өсөж 1995 онд 4.5 тонн алт олборлож байсан бол 2005 онд 24.1 тонн алт олборлож 5 дахин өссөн байдаг. Гэсэн хэдий ч “68 хувийн татвар”-ын хууль, “урт нэртэй” хууль зэрэг хууль тогтоомж нь алтны олборлолт, алт тушаалтыг эрс багасгаж 2012 онд зургаан тонн болж буцаад дөрөв дахин буурсан. Хууль эрх зүйн тогтвортой бус орчин, төрийн нэгдсэн бодлого, зарчим алдагдсаны нэг жишээ нь алтны салбар. Тэгэхээр одоо бид яах вэ? Өмнөх алдааг давтаж болохгүй. Асуудлыг аль болох өргөн өнцгөөр харж, цогцоор нь шийднэ. Өөрөөр хэлбэл нэг талаас эдийн засгийн үр өгөөжийг бодохын зэрэгцээ нөгөө талаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь тооцож, үүнд тохирсон хяналтыг тавих ёстой. Хөтөлбөрийн хэрэгжилтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус тус давхар хяналт тавьж, хариуцлага тооцож явна.
-Гацууртын ордын хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудлыг хэзээнээс эхлэх вэ?
-Дөрвөн Засгийн газрын нүүрийг үзэж буй энэ сэдвийг тойрсон хэл ам бишгүй бий. Аль болох ойлголцолыг эн тэргүүнд авч үзэн, нөхцөл байдалд бодитой хандаж, тулгарсан бэрхшээлийг давах учиртай. Гадаадын хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газрыг гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжиж, ямар бодлого баримтлаж байгааг Гацууртын ордоор дамжуулан харж байна.
Гацууртын ордын талаар УИХ болон Засгийн газраас гарсан хэд хэдэн баримт бичиг бий. Тухайлбал, УИХ-аас 2015 онд Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж, 2016 онд энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоож өгсөн байгаа. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд үүрэг хүлээсэн Засгийн газрын хийх ёстой нэг ажил нь Гацууртын ордын хэлэлцээр юм. Энэ дагуу хөрөнгө оруулалтын болон орд ашиглах гэрээг байгуулах ажлын хэсгүүдийг байгуулж, удирдамжийг баталсан. Бид удирдамжийн хүрээнд өмнөх хэлэлцээрийн түвшинг ахиулах зарчмаар эрчимтэй ажиллаж байна.
Дээр дурдсанчлан Гацууртын орд төрийн мэдлийн хувь хэмжээтэй стратегийн орд учраас хариуцлагатайгаар, иж бүрнээр нь ашиглах асуудлыг Засгийн газар хуулийн хүрээнд шийдвэрлээд явна. Нөгөө талаас Гацууртын орд дээр ажиллах “Сентерра Гоулд Монголия” компаниас бид бодитой үр өгөөж, монголчуудын язгуур эрх ашгийг хүндэтгэсэн харилцааг хүлээж байгаа.
-Тавантолгойн тухай асуухгүй өнгөрөх аргагүй. Хэлэлцээрийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Хэлэлцээ ямар шатандаа байна вэ?
-Эдийн засаг, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй энэ үед Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь манай улсын хувьд нэн чухал. Тавантолгойн нүүрсний зах зээлийн хувьд БНХАУ, цаашлаад гуравдагч орнууд байна. Манай өмнөд хөрш бол коксжсон нүүрсний хамгийн том хэрэглэгч, төдийгүй олборлогч. Тэд жилд хэрэглэдэг нүүрснийхээ 10-аадхан хувийг л импортоор авдаг. Манай одоогийн экспорт бол энэ өндөр хэрэглээний тавхан хувьтай л тэнцэж байна. Ингэж харвал Тавантолгой бол улс төрийн төсөл биш бүс нутгийн хөгжлийг тэтгэх бизнесийн том төсөл гэдэг нь тодорхой юм.
Бизнесийнхээ агуулгаар явахад нь улстөржилт дэндүү их садаа болсоор өдий хүрлээ. Бид цааш цаг алдахгүй гэрээ, хэлэлцээрийг үргэлжүүлж дуусгах болно. Ингэснээр 2017 онд 900 сая ам.долларын экспортын орлого төлөвлөж байна. Цаашдаа жилд дундажаар 1,4 тэрбум ам.долларын орлого олоод байхад 2021 оноос ногдол ашгаа хувиарлах боломжтой.
Талууд үндсэн нөхцлүүд дээрээ тохиролцож байна. Тухайлбал Тавантолгойн ордын нүүрсийг сорчлохгүйгээр иж бүрэн олборлон баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортлохоос гадна төмөр зам, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахыг хэлэлцэгч талууд дэмжиж байна.
Өнөөдөр Тавантолгойн нийт хувьцааны 17,5 хувийг иргэд эзэмшиж байгаа. Энэ нь нэгэнт УИХ, Засгийн газрын шийдвэрээр хэлбэржсэн учраас төсөл хэрэгжээд эхэлмэгц иргэдэд тараасан хувьцаа нь бодит үнэ цэнэтэй болно. Энэ агуулгаараа иргэн бүр хувьцаа эзэмшигчийн хувьд төслийнхөө ирээдүйд санаа тавьж, хянаж, дэмжиж явах учиртай. Тавантолгойгоос төсөвт оруулах татвар, хураамжаас гадна эдийн засагт оруулах өгөөжийг нь нэмэгдүүлэхэд бид анхаарч байгаа. Тухайлбал, үндэсний оператор компаниудын оролцоог хангах замаар ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхай дагасан жижиг дунд бизнесүүдийг дэмжих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Нүүрсний үнэ өссөн сайн мэдээг дуулгасаар байна. Энэ жилийн төлөв ямар байх бол?
-Биднийг Засгийн газар хүлээн авах үед түүхий нүүрсний үнэ 31 ам.доллар байсан. Өнгөрсөн 11, 12 дугаар сарын гэрээний үнэ 50 ам.доллар болсон. Одоо 71 ам.доллар хүрээд байна. Угаасан нүүрсний үнэ 110 гаруй ам.доллар болсон. Дэлхий даяар нүүрсний эрэлт буурах төлөвтэй байгаа боловч үнийн хувьд Монголын нүүрс 2017 онд хүрсэн түвшнээсээ буухгүй байхаар байна.
-Таныг сайдын суудлаа өгнө гэсэн мэдээлэл цацагдсан энэ үнэн үү?
-Би тийм юм огт яриагүй. Тийм цуурхал тараасан байна лээ.
Эх сурвалж: NEWS.MN