Хүннү гүрний 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг агентлагийнхаа ажилтан, албан хаагчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч, харилцагч байгууллага, Монголын нийт ард түмэн та бүхэндээ хүргэж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2015 онд манай хамт олон шинэчлэгдсэн, цомхон бүтэцтэйгээр, улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу бид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт 31 сая га талбайд олгох ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах дугаарыг цахимаар тараах ажлыг анх удаа нэвтрүүлж, сүлжээний аюулгүй байдлыг хангах, тусгай холболт үүсгэх төхөөрөмж ашиглах, интернет сервер суурилуулах зэрэг ажлуудыг Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газруудтай хамтран амжилттай хэрэгжүүлж ажиллалаа.

Манай агентлагийн хамт олон 2014 оны төлөвлөгөөгөө 160 гаруй хувиар давуулан биелүүлсэн амжилтаар дүүрэн ажилласан бөгөөд 2015 оны эхний хагас жилийн ажлаа 91 хувийн амжилттай гүйцэтгэж хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байна.

Үлдэж буй хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт нутгийн хэмжээнд олгож эхлэх, улсын хэмжээнд ашигт малтмалын нөөцийн нэгдсэн балансыг шинэчлэн тооцох, хууль сурталчлах, хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, харилцагч, хөрөнгө оруулагчдадаа хөнгөн шуурхай, нээлттэй ил тод үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн ил тод “шилэн” байдлыг хангаж ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Монгол төрийн минь их баяр наадам өргөн дэлгэр байж, айл хотол, ахан дүүсээрээ сайхан наадаарай.

Морь тань хурдан, бөх тань хүчтэй, сум тань мэргэн байх болтугай.