Монгол Улс, БНСУ-тай шатдаг хийн салбарт хамтран ажиллах төслийн нээлт боллоо
Монгол Улс БНСУ-тай шатдаг хийн салбарт хамтран ажиллахаар боллоо. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци “КGS”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол өнөөдөр “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийн нээлт болов.
Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци “КGS”-тай хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийг олон нийтэд танилцуулах уулзалт арга хэмжээг Holiday зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, АМГТГ-ын дарга П.Баянбаатар нарын холбогдох албаны хүмүүс оролцсон бол БНСУ-ын талаас КОЙКА-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци (KGS)-ийн Ерөнхийлөгч Пак Кён Гүк нарын 50 орчим зочин төлөөлөгч оролцсон билээ. Монгол, Солонгосын хамтарсан “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2025-2027 онд хэрэгжүүлнэ.
Төслийн үр дүнд,
- Монгол Улсын хийн түлшний хууль эрхзүйн зохицуулалт боловсронгуй болж,
- Хийн түлшний стандарт, хяналт аюулгүй ажиллагааны шийдлүүд сайжирч,
- Салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын чадавхи нэмэгдэж,
- Хийн түлшний тээвэрлэлт, түгээлт болон хэрэглээний шатанд аюулгүй орчин бүрдэх болно гэж,
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар үзэж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн билээ.
БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх энэхүү төслийг тус улсын Засгийн газар дэмжсэн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци “КGS”-тай хамтын ажиллагааны санамж бичиг ийнхүү үр дүнгээ өгч бодит амьдрал дээр хэрэгжихэд бэлэн болоод байна. Төслийн хүрээнд БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци “КGS”-ийн Ерөнхийлөгч Пак Кён Гүк тэргүүтэй зочид төлөөлөгчид төслийн төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэх, хийн түлшний аюулгүй ажиллагаа “GAS Safety 2025” сургалт зохион байгуулахаар энэ сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Монгол Улсад айлчилж буй юм.
Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Б.Дэлгэрцэцэг
Утас: (51)- 263922
2025.11.12