Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS” хамтран хэрэгжүүлэх төслийн уулзалт өнөөдөр арваннэгдүгээр сарын 11-ны өдөр боллоо.  

АМГТГ-ын дарга П.Баянбаатар болон Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргал, мөн Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр  нарын бүрэлдэхүүнтэй БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-ийн Ерөнхийлөгчийн багийг хүлээн авч уулзлаа. Талууд хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд энэ үеэр БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-ийн Ерөнхийлөгч Пак Кён Гүк өнгөрсөн дөрөвдүгээр сард хамтран ажиллах санамж бичиг үр дүнгээ өгч эхэлснийг яриандаа дурдаад “энэхүү төсөл нь зөвхөн хамтын ажиллагаа төдийгүй Монгол Улсад шатдаг хий аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний шилжилтэд хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Цаашид Монгол Улс нь Дундад Азийн бүс нутагтаа шатдаг хийн аюулгүй байдлын тал дээр тэргүүлэгч орон болж техник технологи болон бодлого сайжруулахад нь бид хамтран ажиллах болно” гэдгийг онцлов.

Мөн АМГТГ-ын дарга П.Баянбаатар хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бүх талаас нь дэмжлэг үзүүлэн холбогдох  шат, шатны хүмүүс оролцсон багийг бүрдүүлж ажиллана гэдгийг тодотгосон. Тэрбээр “Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь талуудын ойлголцол байдаг. Зарим асуудалд илүү дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Үүнд манай агентлагийн зүгээс бүх зүйлд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй хэлье” гэсэн юм.

Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, соёл боловсрол зэрэг олон талт найрсаг хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, өргөжүүлэн хөгжүүлж ирсэний нэг нь эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа юм.

Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-тай 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр техникийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол өнөөдөр ийнхүү Монгол-Солонгосын хамтарсан төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна.