Төслийн үр дүнгийн хурал амжилттай зохион байгуулагдлаа

“Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоог сайжруулах” төсөл 2021-2025 онд амжилттай хэрэгжиж, энэ онд дуусгавар болж байна. Энэхүү төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, Солонгосын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн санхүүжилтээр Ашигт малтмал, газрын тосны газар хариуцан хэрэгжүүлсэн.

Төслийн үр дүнг танилцуулах хурал 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уг хуралд:

  • БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Чой Жин Вон,
  • КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга хатагтай Жу Хэйн Нан,
  • Солонгосын Газрын тосны чанар, хангамжийн газрын дарга ноён Чой Чун Сик,
  • Солонгосын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Чон Сон Ву,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын дарга хатагтай Д.Оюунцэцэг,
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ноён Ч.Хишигдалай тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд дараах үндсэн ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Уул уурхай, газрын тосны төв лабораторийн барилга байгууламжийг шинэчлэн засварласан,
  • Олон улсын стандартын шинжилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулсан,
  • Мэргэжилтэн, шинжээчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан,
  • Бодлогын баримт бичигт тусгах мэргэжил, арга зүйн зөвлөмж боловсруулсан,
  • Шинжилгээний ажилд ашиглах гарын авлагыг боловсруулан хэвлүүлсэн зэрэг олон талт ажлууд хийгдсэн.

Тус төсөл нь Монгол Улсад бохирдол багатай, чанартай эрчим хүчний хэрэглээг дэмжих, газрын тосны салбар дахь чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход чухал хувь нэмэр оруулсан гэдгийг оролцогчид онцоллоо.




Эх сурвалж:

Төрийн захиргааны удирдлагын газар
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Урансолонго

Утас:51-263912

2025-05-26