ГУУМС болон УУККС-үүдийн шинэчлэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд танилцуулах, хэлэлцүүлэг семинар зохион байгуулагдлаа.


Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/ нь ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй 2014 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ 10 гаруй жилийн хугацаанд олон бүтээлч, үр дүнтэй төслүүдийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ.

2022-04-01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ төсөл нь энэ оны 1 дүгээр улиралд дуусч байгаа ба төслийн зорилго нь АМГТГ-ын албан хаагчдын мэргэжлийн чадавхийг сайжруулах, техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулах, ил тод болгох, нээлттэй мэдээллээр хангахад тус тус чиглэгдсэн.

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийн Уул уурхайн кадастрын компьютержсэн систем /УУККС/, Ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагааны   төлөвлөгөө, тайлангийн Геологи, уул уурхайн мэдээллийн систем  /ГУУМС/-үүдийг салбарын хууль тогтоомжууд болон цахим хөгжлийн багц хууль, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Цахим засаглал хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн сайжруулж хөгжүүлснээс гадна төрийн үйлчилгээг цахимжуулах, ил тод шуурхай болгох, өгөгдлийг тоон хэлбэрт шилжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараахь ажлууд хийгдсэн байна. Үүнд:

УУККС-ийн сайжруулалтын хүрээнд  хуучин мэдээллийн санг MS SQL сан  руу хөрвүүлэх, зурган  мэдээллийн санг шинэчлэх, вэб хувилбарыг сайжруулан хөгжүүлэх, Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем /ХУР/-тэй холбох, Тусгай зөвшөөрлийн төлбөрийн мэдэгдлийг мессежээр хүргэх үйлчилгээг автоматжуулах, тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн цаасан баримт бичгийг тоон хэлбэрт шилжүүлж цахим архивын системийг бий болгох, төрийн бусад байгууллагуудадтай холбогдож мэдээлэл солилцох хөгжүүлэлтийн ажлуудыг төслийн дэмжлэгтэйгээр амжилттай хийж гүйцэтгэлээ.

ГУУМС-ийн хөгжүүлэлт, сайжруулалтын хүрээнд энэхүү системийг BGR-тэй хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн дэмжлэгтэйгээр шинээр хөгжүүлж 2016 онд хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тайлан, төлөвлөгөөний маягтуудыг шинэчлэх, хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны жилийн тайлан, төлөвлөгөө, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөө, тайланг цахимаар хүлээн авч, хянан баталгаажуулах боломжийг бүрдүүлснээс гадна Техник, эдийн засгийн үндэслэл, Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг мөн цахимаар хянах,  системд тоон гарын үсгийг хэрэглээг нэвтрүүлж, тусгай зөвшөөрлийн лавлагаа тодорхойлолт гаргах, Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем /ХУР/-тэй холбож төрийн бусад байгууллагуудтай тухайлбал Татварын ерөнхий газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай мэдээллийн солилцоог сайжруулах, статистик мэдээллийн боловсруулалт болон нээлттэй мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

ГУУМС болон УУККС-үүдийн шинэчлэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд танилцуулах, хэлэлцүүлэг семинар 2025-03-18-ны өдөр Бльюскай зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.