АМГТГ-ын албан хаагчид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж байна

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Тус аянд АМГТГ-ын Жендэрийн салбар зөвлөл албан хаагчдын хамт нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулахаар ажиллаж байна.

Аяны зорилго нь хүчирхийллийг тэвчихгүй, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох аливаа санаачилгыг дэмжиж нэгдэх, “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг билээ.

Манай улсад 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх зохион байгуулан эхлүүлж байсан энэхүү аяныг НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.

Энэ жил Монгол Улс “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ. Шалтаг бүү тооч” уриан дор тэмдэглэж байна.