"Цэн тогоруу-1" ордын газрын тос олборлолт эхэллээ


Дорнод аймгийн Матад сум дахь "Петро Матад" компанийн газрын тосны “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу-1” ордыг олборлолтод шилжүүлж, өчигдөр /2024.10.25/ албан ёсны нээлтийг хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ш.Ганхуяг, Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Түвшинбаяр нарын яам, агентлагийн удирдлагууд оролцлоо. Мөн "Петро Матад" компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак, А.Гэрэлт-Од болон тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчид, орон нутгийн удирдлагууд, ард иргэдийн төлөөлөл оролцож, "Матад XX" талбайн "Цэнтогоруу-1" ордын олборлолтыг эхлүүлэх түүхэн үйл явдлыг гэрчлэв.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар нээж хэлсэн үгэндээ "Монгол инженер, геологичид, геофизикчдийн илрүүлсэн, үндэсний компанийн газрын тос олборлох орд ашиглалтад орж байгаа"-г онцлон тэмдэглэв.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал  "Монгол Улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар зорьж байгаа энэ үед тус үйлдвэрийг түүхий эдээр найдвартай хангахад олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлж буй "Цэн тогоруу-1" ордын хувь нэмэр их" гэдгийг энэ үеэр тодотгосон юм.

Мөн тэрбээр газрын тосны ашиглалт, олборлолтын аливаа ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөж, холбогдох зөвшөөрлийг цаг хугацаанд нь авч, бичиг баримт, материалын бүрдүүлэлтийг зохих ёсны дагуу бүрдүүлж ажиллахыг сануулаад, АМГТГ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орд ашиглалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.


“Петроматад” ХХК нь Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтийн хувьцаат үндэсний компани бөгөөд АМГТГ-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 2006 онд байгуулж, улмаар 2018 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн баталсан Газрын тосны тухай хуульд нийцүүлэн, шинэчлэн байгуулан ажиллаж байна. 
"Петро Матад" компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак "Бид "Цэн тогоруу-1" цооногийг үйлдвэрлэлд оруулах гэж удаан хүлээсэн. Холбогдох яам, АМГТГ, Петрочайнатай хамтран ажилласандаа баяртай байна" хэмээсэн юм.


"Цэн тогоруу-1" ордын газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр 2021 онд 1.15 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 137.9 мянган тонноор ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байна. "Петро Матад" ХХК нь тус ордоос 2024 оны туршилтын байдлаар өдөрт 200 баррель газрын тос олборлохоор төлөвлөж, шингэн хагалбарын ажил, цооногийн гадаргуугийн байгууламжийн угсралтын ажлуудыг хийж дуусгаад байна.