Сайд Д.Сумъяабазар Давосын эдийн засгийн чуулганд оролцож байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбар”-ын удирдагчдын бодлогын уулзалтад оролцож, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар хөрөнгө оруулагчид, сонирхогч талуудад мэдээлэл өглөө.
Чуулга уулзалтын явцад ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, геологи хайгуул болон түлш шатахууны хангамжийн чиглэлээр харилцан санал солилцож, талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргах, бүх талын ажлуудыг харилцан дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Сайд Д.Сумъяабазар нь түлш, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийг бууруулах чиглэлээр санал гаргаж, шадар сайд Аркадий Дворкович Оросын тал энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзалт хийхээр тохиролцлоо.
Мөн Франц Улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Лазардс Фререс” компанийн удирдлагуудтай уулзалт хийж, тус компанийн зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад улсад хийж буй айлчлал амжилттай үргэлжилж байна.
Эх сурвалж: УУХҮЯ