УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк/ЕСБХБ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.
УУХҮ-ийн сайд Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ЕСБХБ-ны оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Хариуцлагатай, ил тод уул уурхай Монголд хөгжих ёстой. Монгол Улсын төсөв, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, ажилчидынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн төслийг бид дэмжиж ажиллах болно” гэв.
Түүнчлэн ЕСБХБ “Уул уурхайн тухай хууль”-ийн төслийг дэмжин хамтран ажиллаж байгаад талархан, ЕСБХБ-ны төлөөлөгчдөд хуулийн төслийн шинэчилсэн хувилбарыг олон нийтэд танилцуулж, салбарын мэргэжлийн төлөөллүүд болон ТББ, уул уурхайн салбараар мэргэшсэн туршлагатай ахмадуудаа хамруулан өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа уламжилсан юм.
Хатагтай Ирина Кравченко сайдын ярьсантай санал нийлж буйгаа хэлээд, “Манай байгууллага хариуцлагатай, нэмүү өртөг шингээсэн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн төслийг цаашид дэмжих хүсэлтэй” хэмээлээ. Мөн уул уурхайн салбар зам тээврийн салбартай салшгүй холбоотой тул Өмнөговь аймгийн Оюутолгойгоос Ханги хүртэлх замыг засварлах төсөл хэрэгжүүлэх бодолтой байгаагаа дуулгасан юм.
Уулзалтын төгсгөлд сайд Д.Сумъяабазар “Үндэсний гео-мэдээллийн сан хөтөлбөр”-ийг боловсруулж, 2018 оны эхээр Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна. Иймд хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн Гео-мэдээллийн сангийн суурь программ хангамжийг бий болгох, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам