Уул уурхай, газрын тосны төв лабораторийн засвар, шинэчлэлийн нээлт боллоо

Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл (2021-2025) хэрэгжиж байна.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /хуучин нэрээр/, Сангийн яам болон БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурснаар 4,5 сая ам.долларын өртөг бүхий тус төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Төслийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (КОМИР) сайжруулсан шахмал түлшнээс дээж авах Монгол улсын үндэсний стандартын төслийг боловсруулахын зэрэгцээ лабораторийн мэргэжилтнүүдийн чадавхжуулах үе шаттай сургалтуудыг зохион байгуулаад байна.

 

Төслийн явц 90 орчим хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны төв лабораторийг олон улсын стандартад нийцүүлж, техникийн чадавхыг нэмэгдүүлэх зорилтын дагуу барилгыг иж бүрэн засварлаж, лабораторийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн угсарч, ашиглалтад хүлээлгэн өглөө. Уг ажлын нээлтийн арга хэмжээ 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр болж, Монгол, Солонгосын талын өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид үг хэлж, тууз хайчлав.

Нээлтэд, Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, ТЗУГ-ын дарга Ш.Ганхуяг, ГТБГ-ын дарга Б.Түвшинжаргал, УУГТТЛ-ын дарга Б.Сүнжидмаа, БНСУ-ын талаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон, орлогч дарга Кан Жун рёо, КОЙКА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, БНСУ-ын Газрын тосны газар(К-Петро)-ын Гүйцэтгэх захирал Шин Жон Ду, төслийн удирдагч Шин Ки Ху, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорацын Гадаад хамтын ажиллагааны газар(КОМИР)-ын захирал Чой Сын Жин, тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Жон Сон Ү нар болон бусад албаны хүмүүс оролцов.

Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар,

  • Газрын тосны бүтээгдэхүүний тоног төхөөрөмж-8 ширхэг
  • Нүүрсний шинжилгээний багаж – 5 ширхэг
  • Шинжилгээний тавилга хэрэгсэл – 118 ширхэг
  • Оффис тохижилт – 106 ширхэг
  • Газын холболт -1-ийг тус бүр нийлүүлж, тэдгээрийг ашиглах заавар, зөвлөгөөг өгч, шинжээч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулаад байна.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн, нүүрсний чанарын хяналтын тогтолцооны менежмент, холбогдох журам, стандартыг (ЧГА, 24 журам, САЗ) шинэчлэн боловсруулаад байна.  

Ашигт малтмал, газрын тосны газрын УУГТТЛ нь газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэж, дүгнэлт гарган, санал зөвлөмж боловсруулахын зэрэгцээ ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг билээ.

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР