УУГТТЛ-ын барилгын засвар дуусч, шинжилгээний тоног төхөөрөмжүүдээ хүлээн авлаа
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ /хуучин нэрээр/ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийг (2021-2025) хэрэгжүүлж буй.
Энэхүү төслийн хэлэлцээрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар лабораторийн барилгын засвар шинэчлэлийн ажил дуусч, төслийн удирдагч БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро)-ын мэргэжилтнүүд тус төслийн хүрээнд нийлүүлэх лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмж, багажнуудыг хүлээлгэн өгч, угсрах ажлыг гүйцэтгээд байна.
Нийтдээ,
- Газрын тосны бүтээгдэхүүний тоног төхөөрөмж-8 ширхэг
- Нүүрсний шинжилгээний багаж – 9 ширхэг
- Шинжилгээний тавилга хэрэгсэл – 118 ширхэг
- Оффис тохижилт – 106 ширхэг
- Газын холболт -1-ийг тус бүр нийлүүлж, ашиглаж эхлэхэд бэлэн болгожээ.
Төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Уул уурхай, газрын тосны төв лабораторийн орчинг сайжруулж, техникийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор барилгыг ийнхүү бүтэн засварлаж, лабораторийн нарийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн, шинжилгээ хийх шинжээч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.