АМГТГ-ын дарга Л.Баярмандалын газрын тосны салбарын 83 жилийн ойн мэндчилгээ
Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 83 жилийн ой, салбарын ажиллагсдын өдрийг тохиолдуулан газрын тосны салбарын хөгжил, бүтээн байгуулалтад гар бие оролцон өнөөгийн түүхийг бүтээлцсэн үе үеийн эрдэмтэн, судлаачид, инженер техникийн ажилтнууд, мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан ажиллаж буй салбарын нийт хамт олон та бүхэндээ Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье.
Газрын тосны хайгуул, судалгааны ажил монгол оронд өрнөж эхэлсэн 1941 оноос хойш газрын тосны үндэсний байгууллага буй болж эдүгээ 83 жилийн ойтойгоо золгож байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Бүтээгдэхүүн хуваах 14 гэрээний дагуу газрын тосны хайгуул 8 талбайд, нүүрсний давхаргын метан хийн хайгуул 6 талбайд, нийт 12 гэрээлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Газрын тосны олборлолтын туршилтыг 1998 онд эхлүүлж, 2010 онд Дорнод аймгийн нутагт орших Тосон-Уул XIX талбайн газрын тосны нөөцийг тогтоож, газрын тос олборлогч орон болсоноо дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ. 2023 онд 10.4 сая тонн газрын тосыг экспортод гаргаж, газрын тосны борлуулалтын орлогоос 2.5 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлснийг онцлоход таатай байна. Энэ нь газрын тосны салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байгаагийн тод илрэл юм.
Өдгөө манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг импортоор хангаж байгаа бөгөөд жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээг импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд улсын хэмжээнд тархан байрших агуулах, түгээх станцын сүлжээгээрээ дамжуулан хэрэглэгчдэд тасралтгүй, тогтвортой нийлүүлэн ажиллаж байна. Мөн өсөн нэмэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг тогтвортой, найдвартай хангах, импорт нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтворжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.
Монгол Улсын үе үеийн Засгийн газар түлш, шатахууны гадаад хамаарлаас ангижрах, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахыг зорьж ирсэн бөгөөд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахаар шийдвэрлэж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь газрын тосны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болсон юм. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээнийхээ 50 гаруй хувийг хангах боломж бүрдэх юм.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын гол хөдөлгөгч хүч болсон газрын тосны салбарынхан та бүхэндээ дахин баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГА Л.БАЯРМАНДАЛ