• Энэ багаж аргон хийг ашиглан, хүхрийн хэмжээг тодорхойлдог
  • Шатахуунд агуулсан хүхрийг тогтоох нь чухал
  • КОЙКА нь Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм

АМГТГ-ын Уул уурхай газрын тосны төв лабораторид 200 сая орчим төгрөгийн үнэтэй, шатахууны хүхрийн агууламжийг тодорхойлогч багаж хандивлав.

АМГТГ БНСУ-ын Газрын тосны хангамжийн газар болох К-Петро-той 2017 оноос газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллажээ. Талууд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.

2019 оноос КОЙКА-гийн буцалтгүй тусламжаар “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг К-Петро-той хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөл Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, шатахууны чанарын хяналтыг сайжруулах зорилготой.

БНСУ-ын Газрын тосны хангамжийн газар (К-Петро)-ын төслийн удирдагч Шин Ки Ху, “Бид 2021-2025 онд Монголын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлнэ. Агаарын чанарыг сайжруулахын тулд цаашдаа олон туслалцаа үзүүлнэ” гэв.

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, “Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Солонгосын КОЙКА-гийн хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжиж байна.

Шатахууны хүхрийн хэмжээг тогтоох нь чухал. Шатахууны стандарт “Евро-2”-оос “Евро-5” хүртэл ангилагддаг. Энэ ангилал экологийн ангилалд багтана. Экологийн ангилал нь бензинд байгаа хүхрийн хэмжээг заасан.

Өмнө нь манай лабораторид энэ багаж байсан тул хүхрийн агууламжийг тодорхойлдог байв. Энэ багажийн давуу тал өртгийг бууруулна. Өмнөх багаж нь гели, хүчилтөрөгч гээд өртөг өндөр, урвалж бодис ашигладаг байсан. Харин шинэ багаж аргон хий ашиглан, хүхрийг тодорхойлдгоороо давуу талтай. Мөн автомат дээж хэмжигч төхөөрөмжтэй” гэсэн юм.

Мөн энэ багаж нь шатахууны хүхрийн агууламжийг түргэн хугацаанд тодорхойлдгоороо онцлог гэв.

Б.Саранчимэг gogo.mn