Л.Баярмандал: АМГТГ / Ашигт малтмал газрын тосны газар/ Орон нутагт төлөөлөгчийн газартай болсон
Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Уг чуулга уулзалттай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандалтай Уул уурхайн хайгуул, ашиглалтын талаар цөөн хором ярилцлаа.
-“Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт эхэлж байна. Таны хувьд энэхүү чуулга уулзалтаас ямар шийдэл шийдвэрт хүрээсэй гэсэн хүлээлттэй байна. Мөн энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь юу байгаа гэдгээс яриагаа эхэлье?
-Ер нь жил болгоны намар уул уурхайтай холбоотой ийм хэлэлцүүлгүүд өрнөдөг. Энэ жилийн хувьд бүгдийг нь нэгтгээд уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан зохион байгуулж байна. Ингээд өнгөрсөн зуун жилд ямар ололтууд, алдаа дутагдал гарав мөн ирэх 100 жилд яаж ажиллах вэ гэдэг дээр манай салбарын нийт мэргэжилтнүүд, гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа нийлээд зөвлөлдөж байгаа юм. Уул уурхайн салбарын хөгжил ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цөөрсөн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч хөрөнгө оруулагч нэмэгдэхгүй байгаа, салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийн улмаас удааширч байна. Тэгвэл энэ удаагийн чуулга уулзалтаар хариуцлагатай уул уурхайг дэмжих, уул уурхайн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, орон нутаг болон Засгийн газрын оролцоо ямар байх талаар шийдэл хайх юм. Уг асуудал энэ удаагийн чуулганы гол зорилго, үр дүн байх болно.
-Монгол Улсад бүртгэлтэй хүчин төгөлдөр хайгуул, ашиглалтын хэдэн тусгай зөвшөөрөл байдаг вэ?
-Энэ оны есдүгээр сарын эхний байдлаар хайгуулын 855, ашиглалтын 1709, нийт 2500 гаруй тусгай зөвшөөрөл байна. Эдгээр нь нийлээд Монгол Улсын газар нутгийн 3.9 хувийг эзэлдэг.
-Эдгээр хайгуул, ашиглалт хийх газруудыг Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс тусгайлан олгодог шүү дээ энэ талаарх мэдээллийг өгвөл?
-Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас олгодог. Гэхдээ иргэд манайхыг өөрсдөө дур мэдэн олгодог гэж ойлгоод байдаг л даа. Уг нь тийм асуудал байхгүй. Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолд нийт 4.5 сая га газрыг орон нутгийн Засаг дарга нараас зөвшөөрөл аваад олгож болно гэж заасан. Энэ газрыг координаттай нь Засгийн газрын тогтоолоор шийдэж өгсөн юм. Уг тогтоолын дагуу тухайн газруудаас манайх авч зарладаг.
Тийм учраас бид өөрсдөө дур мэдэн ямар нэгэн талбай зарлах эрх байдаггүй. Тухайн орон нутгийн иргэдэд ямар буруу ойлголт байдаг вэ гэхээр та нар биднээс асуусангүй гэдэг. Жишээ нь 2020 оны сонгуулиар Засаг дарга нар нь солигдсон орон нутаг бий. Тэгээд тэр дарга нар нь “Би мэдэхгүй, зөвшөөрөл өгөөгүй” гэж хэлдэг талтай. Гэтэл өмнөх Засаг дарга нь орон нутгийн зөвшөөрлөө өгөөд явчихсан, энэ мэтчилэн ойлголтын зөрүүнүүд гараад байдаг.
-Дээрх яриатай уялдуулан асуухад иргэдийн хувьд бас нэгэн буруу ойлголтой байдаг зүйл нь хайгуул, ашиглалт хоёрыг нэг гэж ойлгоод байдаг. Тиймээс үүнийг тодорхой жишээ дээр тайлбарлавал?
-Жишээ нь 1996 онд Ашигт малтмалын тухай хууль гарснаас хойш Монгол Улсын хэмжээнд 14 мянга гаруй тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Түүнээс одоо байгаа нь гэхэд 1700 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Мөн хайгуулын 855 тусгай зөвшөөрөл олгосон. Гэтэл энэ 14 мянгаас үлдсэн 12 мянга гаруй нь хүчингүй болчихсон гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулагч бол хайгуул хийгээд ихэнхдээ буюу хувиар яривал 90 гаруй хувьд нь ямар ч орд ололгүйгээр улсад буцааж өгсөн байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ердөө гурван жилийн хугацаатай олгодог. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгадаг хамгийн урт хугацаа нь 12 жил байдаг. Хэрвээ энэ 12 жилийн дотор ашигтай орд олж илрүүлээгүй бол автоматаар цуцлагдаад хүчингүй болдог. Хайгуул хийх тэр хугацаандаа хуулийнхаа дагуу хайгуулаа хийгээгүй, зөвшөөрлөө авч чадаагүй, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэх мэтийн олон шалтгаануудаас болж дундаа цуцлагдана. Мөн энэ мэтийн олон шалтгаанаар ихэнх нь үр дүнгүй болсон байдаг. Сүүлийн 20 гаруй жилийн тусгай зөвшөөрөл олгосон үйл явцыг үзэхэд ерөөсөө дэлхийн хэмжээний ганцхан л орд болох Оюутолгойг олж нээсэн байх жишээтэй.
-Танай агентлагаас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа ямар байдлаар явагддаг вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ хавраас шинэчлэгдсэн журмаар олгож байгаа. Төрийн үйлчилгээ цахимжаад Төрийн худалдан авах ажиллагааны газрын tendergov.mn вэб сайтад бүх төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 20 мянга гаруй сонгон шалгаруулалт зарладаг болсон. Үүний нэг болж бүх зүйлээ цахимаар ил тод явагддаг журамд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц шилжиж байгаа.
-Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгвэл энэ хоёрын хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?
-Сүүлийн үед орон нутгийн иргэд их эсэргүүцэж хайгуул болон олборлолтыг хооронд нь ялгахгүйгээр нэг л юм шиг ойлгож байна. Үнэндээ хайгуул судалгаа гэдэг бол зөвхөн эдийн засгаас гадна нөгөө шинжлэх ухааны эх орноо судалж байгаа нэг хэлбэр бас ажил. Тэрний дараа ашиглалтын түвшинд ирэхээр эдийн засаг бизнесийн, хариуцлагатай үйл ажиллагаатай болно. Ийм үйл ажиллагаа шаардлагатай. Засгийн газраас илүү хариуцлагатай уул уурхайг л дэмжинэ гэж байгаа юм. Тэрнээс биш бүх уул уурхайг дэмжихгүй, зөвхөн хариуцлагатай уул уурхайг нь дэмжинэ гэдэг бодлого барьж байгаа. Харин хайгуул, судалгааг бүх талаараа дэмжинэ.
-Хайгуул судалгаа хийснээр тухайн орон нутаг төдийгүй манай улсад ирэх үр ашиг, түүний нөлөөллийн тооцоо гэж байгаа юу?
-Хайгуул хийнэ гэдэг бол их эрсдэлтэй салбар. Жишээ нь 100 ашигт малтмалын зөвшөөрөл байхад нэг нь л орд болдог. Тодруулбал 100-99 нь нэг ёсондоо бизнесийнхний хэлдгээр шатаад үлддэг. Магадлалыг нь үзэхээр 10 мянган тусгай зөвшөөрлөөс нэг л том орд олох жишээтэй. Монголд ч гэсэн энэ нь батлагдаж байгаа. Жишээ нь дээр хэлсэн нийт 14 мянган лиценз олгогдоод тодорхой хувь нь хүчингүй болж байсан судалгаа байна. Тэрнээс дэлхийн хэмжээний ганцхан орд олсон байна шүү дээ. Тийм болохоор энэ маш өндөр эрсдэлтэй салбар.
-Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үед хөрөнгө оруулагч олох гэдэг чухал зүйл. Сүүлийн үед гаднаас хөрөнгө оруулах компаниуд багассан тиймээс хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Бид өнгөрсөн хавар 18 аймгаар явсан. Орон нутагт хэлэлцүүлэг, уулзалт хийж байхад ард иргэд болон аж ахуйн нэгжүүд, төр засаг хоорондоо мэдээллийн зөрүүтэй, ямар ч уялдаа холбоогүй байна л гэж харагдаж байсан. Энэ мэдээллийн зөрүүг арилгахын тулд бид ажиллаж байна. Жил болгоны ажлын уулзалтуудаа тогтмол болгосон. Мөн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. Ингээд АМГТГ орон нутагт төлөөлөгчийн газартай болсон. Тэгэхээр бид орон нутагтайгаа илүү уялдаж илүү ойрхон, ажиллах боломжтой болно гэж харж байна.
-Ярилцсан танд баярлалаа
Эх сурвалж: http://www.postmedia.mn
2022-09-20