КОЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төслийг эхлүүлэх уулзалт онлайнаар зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Шатахуун импортлох, үйлдвэрлэх, хадгалах, бөөн болон жижиглэнгээр борлуулах үеийн чанарын хяналтын тогтолцоог сайжруулах” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд АМГТГ, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-тай хамтран “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний нөөцийн чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Уг ажлын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам болон БНСУ-ын КОЙКА 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурж, КОЙКА-гийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг баталгаажуулсан юм.
Төслийн үйл ажиллагааг эхлүүлж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг танилцуулан санал солилцохоор АМГТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Дашпүрэв, УУГТТЛ-ийн эрхлэгч Г.Оюунтуяа, КОЙКА-гийн Евразийн хэлтсийн дарга Жу Хэйн Нан, К-Петро-ийн Эрэлт, нийлүүлэлтийн хэлтсийн дарга Жү Дун Сү, КОМИР-ын Хамтын ажиллагаа, төслийн хэлтсийн дарга Бан Сон Бэк болон бусад албаны хүмүүс /2021.10.22/ цахимаар хуралдлаа. Хуралдаанаар төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгч байгууллагаар БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар /К-Петро/, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорац /КОМИР/ нар шалгарсныг дуулгаж, төслийн хүрээнд хийгдэх ажлыг танилцууллаа.
Төслийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн болон нүүрсэнд тавигдах чанарын хяналтын бодлогын зөвлөмж боловсруулах, газрын тосны бүтээгдэхүүн болон нүүрсэнд хийх чанарын хяналтын шинжилгээний гарын авлага боловсруулах, АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны төв лабораторийн барилгыг шинэчлэн засварлах, шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, УУГТТЛ-ийн ажилтан, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.