АЖИЛЧДЫН ЭЭЛЖ СОЛИХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Уурхайнуудын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс УУХҮ-ийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам” –ыг баталж, уурхайнууд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, тээвэрлэгчид, харуул хамгаалалтын болон бусад гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солилтыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба/ГХУУХҮУА/-ны Шуурхай штабаас Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэл, аймтуудын Онцгой комисс, аж ахуйн нэгжүүдтэй хамтран 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1 ба 2 дугаар сард уурхайн ажилчдын ээлж солилтыг зохион байгуулсан.
2020 оны 12 дугаар сард 145 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч 3459 ажилчдыг ээлжинд гаргаж, 3448 ажилчдыг ээлжээс буулгасан. 2021 оны 1 дүгээр сард 304 аж ахуйн нэгжээс ээлж солих хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ээлжинд гарах 6033 ажилчдыг PCR шинжилгээнд хамруулах хуваарийг гаргасан боловч хуваарьт шинжилгээний цэгүүдэд 3358 ажилчид шинжилгээ өгч, ээлжинд гарсан.
2 дугаар сарын ээлж солилтоор Улаанбаатар хотод 4036 ажилчдыг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж/Оюутолгой ХК өөрийн гэрээт эмнэлэгт ажилчдынхаа PCR шинжилгээг өгүүлсэн/, орон нутгаас 1069 ажилчдыг татаж, нийт 5105 ажилчдыг ээлжинд гаргах, 3112 ажилчдыг ээлжээс буулгах ажлыг зохион байгуулаад байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2 дугаар сарын ээлж солилтын үеэр Нийслэлийн 6 дүүрэг/Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх, Багануур/-ийн Эрүүл мэндийн төвийг уурхайн ажилчдын PCRшинжилгээнд хуваарилж, эдгээр төвүүдэд ажилчдын ээлж солих аж ахуйн нэгжүүдийг хуваарилсан. Ингэснээр хуваарилагдсан дүүргийнхээ Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулан цаашид ээлж солих тутамдаа тухайн төвөөс гаргасан хуваарийн дагуу ээлжинд гарах ажилчдынхаа PCR шинжилгээг өгөх нөхцлийг бүрдүүлсэн.
Гэвч зарим аж ахуйн нэгжүүд хуваарьт дүүргийнхээ Эрүүл мэндийн төвтэй өнөөг хүртэл гэрээгээ байгуулаагүй, 2 дугаар сард ээлжинд гарах зарим ажилчдын шинжилгээг хуваарилсан цэгүүдэд өгүүлээгүйгээс зохион байгуулалттай арга хэмжээг үл хүндэтгэж, ээлж солилтыг хамтран зохион байгуулж буй байгууллагуудын ажлыг цаламдуулах, хуваарилаагүй цэгүүдэд ажилчдын шинжилгээг өгүүлснээр цар тахлын халдварт өртөх эрсдлийг үүсгэх зэрэг хариуцлагагүй үйлдлийг гаргаж байна.
Дээрх нөхцөл байдлыг дахин давтагдуулахгүйн тулд ажилчдын ээлж солих нэгдсэн зохион байгуулалтыг дараах дараалал бүхий зохион байгуулалтад оруулж байна. Үүнд:
- Аж ахуйн нэгжүүд Нийслэлийн 5 дүүрэг/Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан/-үүдийн Эрүүл мэндийн төвөөс сонгож, сонгосон Эрүүл мэндийн төвтэй 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөрт багтаан ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээ өгөх үйлчилгээ авах гэрээ байгуулна.
- Уурхайнууд нь өөрийн гэрээт туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, харуул хамгаалалт, катеринг үйлчилгээ, засвар үйлчилгээ болон бусад үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийнхээ жагсаалтыг гаргаж, гэрээтүүдтэйгээ хамт нэг Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулна.
- Нийслэлийн Налайх болон Багануур дүүрэгт оршин суудаг, ээлжинд гарах ажилчдыг тухайн дүүргийнх нь Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулж, PCR шинжилгээнд хамруулна.
- Ээлжинд гарах ажилчдын PCRшинжилгээ өгөх гэрээ байгуулах аж ахуйн нэгжүүд
гэрээ байгуулахаар сонгосон Эрүүл мэндийн төвд тухайн сард ээлжинд гарах ажилчдын PCRшинжилгээ хийлгэх албан хүсэлт, ажилчдын регистрийн дугаар бүхий жагсаалтыг Хавсралт 1.1маягтын дагуу авч очих ба албан хүсэлтийн хувийг Хавсралт 1.2маягтын дагуу бэлтгэсэн мэдээллий хамт ГХУУХҮУА-ны Шуурхай штабын gerelee.tum@gmail.com цахим хаягаар хүргүүлнэ.
- Сонгосон Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулснаар шинжилгээ өгөх цэг, шинжилгээ өгөх өдөр, цагийн хуваарийг авна.
- Эрүүл мэндийн төвөөс томилсон шинжилгээний цэг, хуваарилсан өдөр, цагт ээлжинд гарах ажилчдын PCRшинжилгээг өгүүлнэ.
- Эрүүл мэндийн төвүүдээс нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгжийн нэр, шинжилгээ өгсөн ажилчдын мэдээллийг шинжилгээ өгсөн өдрийн дараагийн өдрийн 10:00 цагаас өмнө Хавсралт 2.1маягтын дагуу бэлтгэж, аж ахуйн нэгж тус бүрийн шинжилгээнд хамрагдсан ажилчдын жагсаалт/Хавсралт 2.2/-ын хамт ГХУУХҮУА-ны Шуурхай штабын erdenetsetseg@mmhi.govmn хаягаар ирүүлнэ.
- Аж ахуйн нэгжүүдээс шинжилгээнд хамрагдах, ээлж солихоор ирүүлсэн хүсэлт, Эрүүл мэндийн төвүүдээс ирүүлсэн шинжилгээнд хамрагдсан тухай мэдээллийг үндэслэн ГХУУХҮУА-ны Шуурхай штабаас нийслэл, аймгуудын Онцгой комиссод тухайн аж ахуйн нэгжийн ээлж солиход хамтран ажиллаж, саадгүй нэвтрүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.
- Орон нутгаас ээлжинд гарах ажилчдын регистрийн дугаар бүхий жагсаалт, албан хүсэлтийг аж ахуйн нэгжээс тухайн орон нутгийн Онцгой комисст хүргүүлж, цар тахлын халдварын голомтот Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй, орон нутгийн Онцгой комисстой хамтран постоос пост руу шилжүүлэн ээлжинд гаргахыг аж ахуйн нэгжийн удирдлагууд хариуцна.
- Шинжилгээ өгсөн ажилчдын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд аж ахуйн нэгж нь ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдыг тээвэрлэх ажлыг эхлүүлнэ.
- Ээлжээс буух ажилчдыг цар тахлын голомтот Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүйгээр очих орон нутагт нь хүргэх ажлыг аймгуудын Онцгой комисстой хамтран постоос пост руу шилжүүлэх замаар зохион байгуулахыг аж ахуйн нэгж, тухайн орон нутгийн онцгой комисстой хамтран хариуцна.
Жич: Ээлж солих аж ахуйн нэгжүүд хавсралтаар хүргүүлж буй мэдээ, судалгааны маягтын дагуу ээлж сольсон мэдээ/Хавсралт 3/ болон 3-4 сард ээлж солих төлөвлөгөө/Хавсралт 4/-гөө 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагаас өмнө толгой компани/гэрээ байгуулсан уурхай болон уурхайн үйл ажиллагааг толгойлон хэрэгжүүлж буй компани/-даа хүргүүлэн нэгтгүүлж, Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабын geo.rudn@gmail.com цахим хаягаар ирүүлнэүү.
Ээлж солих тухай албан хүсэлт, мэдээ, мэдээллүүдийг ГХУУХҮУА-ны Шуурхай штабын заасан цахим хаягуудаар илгээх ба хуваарилсан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулж, шинжилгээ өгсөн аж ахуйн нэгжийн ээлж солих ажилчдын жагсаалтыг үндэслэн орон нутагт зорчих зөвшөөрөл олгох болсныг анхааруулж байна.
Хавсралт татаж авах: https://we.tl/t-8jmjuKfdao
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА
Утас: 88084835, 99667780, 99103995, 88043636