Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр АМГТГ-д “Эрдэнэс Метан” компанитай Тавантолгойн нүүрсний  бүлэг ордод Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс метан” компанийн  захирал Д.Амар нар  гэрээнд  гарын үсэг зурав.

“Эрдэнэс Монгол” компаний охин компани болох “Эрдэнэс Метан”  компани нь Тавантолгойн нүүрсний  бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож,  эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэжээ. Нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдсөн байна.

Метан хийн нөөцийг  тогтоосноор  метан хийг  хэрэглээнд нэвтрүүлэх  эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон алхмууд тавигдана гэж үзэж байна.