Монгол улсад Геологи хайгуулын салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсад Геологийн салбар үүсгэн байгуулагдсны 80 жилийн ойг Монгол улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас геологийн салбарт ажиллаж буй үе үеийн геологичид, салбарынхандаа хүндэтгэл үзүүлэх өдрүүдийг 2019 оны 10 дугаар сарын 16-18-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын Геологичид Төрийн ордноо баярын хурлаа энэ сарын 18-ны өдөр зохион байгуулж, түүхэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ололт амжилтаараа бахархан цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцлээ.
Баярын хурлын үйл ажиллагааг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ ойн баярын босгон дээр Монгол Улсын Засгийн газраас үндэсний геологийн алба байгуулах шийдвэр гарсныг танилцуулж, түүхэн ойн баярын мэндийг Геологийн салбарын түүхийг бүтээхэд оюун ухаан, эрдэм мэдлэг хүч хөдөлмөрөө, зориулсан геологичид, геофизикчид, геохимичид инженжер техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд, судлаачдад хүргэв. Тэрээр Эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэж чанарыг сайжруулах, үндэсний гео мэдээллийн нэгдсэн санг байгуулан цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи, хайгуулын бүх төрлийн судалгааны ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц тэдгээрээс үүсэх мэдээллээр байнга баяжуулан, хэрэглэгчдийг үнэн зөв, бодит цаг хугацааны мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх, геологийнэрэл, хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэх өргөн боломжоор хангах, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах зэрэг нь бидний өмнөө тавьсан томоохон зорилт, сорилт болон тавигдаж байгааг онцлов. Уг зорилтыг бодит ажил болгон хэрэгжүүлэх, сорилтыг даван туулахад салбарын нийт хамт олны шинэлэг санал, санаачлага, бүтээлч хөдөлмөр голлох үүрэгтэй ба эрдсийн түүхий эдийг судлагч, шинжлэгч, нээн илрүүлэгч, үйлдвэрлэгч болон хэрэглэгч та бүхэн үүнд идэвхитэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Ойн баярын хурлын үеэр Монголын геологичдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн, мэндчилгээ дэвшүүллээ. Төрийн тэргүүн “Геологийн салбарын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн болон Үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй билээ. Манай газар нутаг, түүний хэвлий дэх баялаг нь тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бөгөөд бидний оршин тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын том үндэс юм. Шинжлэх ухаанаар, тооцоо судалгаагаар хэмжээ нь тогтоогдсон эрдсийн нөөц хийгээд түүнийг агуулж байгаа газар нь уул уурхайн олборлолт явуулах, хамтарсан гэрээ байгуулах нөхцөлд Монголын талын хөрөнгө оруулалт хэмээн үнэлэгдэх, тооцогдох ёстой өмч юм. Тийм учраас монголын нийт ард түмний өмч болсон газрын хэвлий дэх баялгийг хэн нэгэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай яриа хэрхэвч байж таарахгүй бөгөөд улс орныхоо эрх ашгийг эрхэмлэн, бодит эдийн засгийн үр өгөөжийг эрх тэгш хүртэх ёстой.” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар баярын мэндчилгээ илгээсэн байна.
Тэртээ 1939 оны БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмал трест байгуулагдсанаар Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүх эхэлдэг билээ. 80 жилийн өмнөөс улбаатай геологичдын нөр их хөдөлмөрийн үр шимээр Монгол орны нутаг дэвсгэрийг 1:200 000–ны масштабын геологийн зураглалаар 100 хувь, геологийн 1:50000 –ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар 40 хувь, геофизикийн 1:200 000 –ны масштабын хүндийн хүчний зураглалаар 23хувь, агаарын 1:200 000 –ны масштабын соронзон зураглалаар 60 хувь,геофизикийн 1:50 000, 1:25 000–ны масштабын агаарын цогцолбор судалгааг 32 хувьд хүргэж, Монгол орны геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтолыг судлан тогтоосны үр дүнд 80 гаруй төрлийн 1900 гаруй орд, 9500 орчим илрэл, геофизик, гео химийн олон мянган эрдэсжсэн цэгүүдийг илрүүлэн, Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт 2783.65 тонналт, 42,1 мянган тонн мөнгө, 60,6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822,4 сая тн төмрийн хүдэр, 38,5 тэрбум тн нүүрс зэрэг олон ашигт малтмалын нөөцийг нэгдсэн бүртгэлд бүртгээд байна.
Үе үеийн геологичдын Багануур, Шарын гол, Эрдэнэтээс эхэлсэн их бүтээн байгуулалт одоогийн Оюутолгой, Тавантолгойгоор үргэлжилж, Монгол Улсын хөгжлийг түүчээлж байгааг онцлох нь зүйтэй. 80 жилийн түүхэн хугацаандаа геологичдын дотроос Үйлдвэрлэл эрдэм шинжилгээний олон алдартан тухайлбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар 5, Төрийн шагналтан14, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 15, академич 4, шинжлэх ухааны доктор 16, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 5, ардын багш1, гавьяат багш 3, соёлын гавьяат зүтгэлтэн 3, гавьяат тамирчин 1 боловсролын доктор 190 гаруй, тэргүүний геологичид олон зуугаараа төрөн гарчээ.
Эдгээрээс өөрийн хийж бүтээсэн хөдөлмөр, эрхэлсэн ажил албаараа бусдыгаа хошуучилж, Монгол улсын геологийн салбарт тод мөрөө үлдээсэн Хөдөлмөрийн баатар Хурц гуай баярын хурлын индрээс мэргэжил нэгт нөхөддөө хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “80 нас хүний хувьд өтөл боловч, геологийн салбарт бол ид залуу үе гэж би бодлоо. Оргил геологийн орд бол 100 жил ашиглаад ч нөөц нь үл дундрах ордыг хэлдэг. “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” тэргүүтэй ордуудыг би нэрлэж чадна. Энэ салбарт шинжээч, мэргэжилтэн байхаас эхлээд сайд хүртэл дэвшин ажиллахдаа би “Эрдэнэт” үйлдвэр шиг том нөөцтэй орд үзсэнгүй. Одоо 60 жилийн нөөцтэй гэж байгаач түүнийг дагалдах ордуудын нөөцийг нийлүүлж тооцвол 100 лав гарахаар байна. Манай улсад ийм нөөцтэй орд олон бий. Ахиад ч олныг манай геологи нар олж илрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын геологийн хөгжил одоо баруун Монгол чиглэлээр хөгжих цаг болсон гэдгийг мэргэжилтэн хүний хувьд онцолъё. Энэ бол нээгдээгүй шинэ орд олонтой бүс шүү” хэмээн тодотгож амжилт хүслээ.
Мөн ойн баярын арга хэмжээнд хамтын ажиллагаа бүхий орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Бүх Оросын Эрдэс баялгийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн доктор Г. Машковцев, Бүгд найрамдах Чех Улсын профессор Карел Шулмани нар баяр хүргэж үг хэлэв.
Геологийн судалгааны ажилд зарцуулах улсын төсөв 2009 онд 2 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 9.3, 2017 онд 13.3, 2018 онд 13.3, 2019 онд 24.6 тэрбум төгрөгт хүргэсэн ба цаашид геологийн судалгаа, эрлийн ажилд оруулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах, эрс нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.