Та бүхэндээ арвандолдугаар жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй нохой жил Эрдэс баялгийн салбарынхан  бид бүхэнд  амжилт бүтээлээр дүүрэн, хичээл зүтгэлээр арвин жил  байлаа.

2018 оны  жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 15.7их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 (21.0%)   их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (19.6%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.6 (63.1%) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 198.3 (3.4%)тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.7%-ийг эзэлж байна.

2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 18.3их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.1(20.7%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.7их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (20.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 4 .2их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 1.1 (35.8%) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 5.5их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 929.4 (14.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ мэт амжилтын жишээ манай салбарт олон байна. Олсноо бататгах, тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэх, үр шимийг Монгол Улсын иргэн бүр хүртээх  Монгол төрийн цаашдын зорилтыг биелүүлэх нь Эрдэс баялгийн салбарынхан   бид бүхний  үүрэг билээ. Монгол хүн бүрийн итгэл, хүслийг тээсэн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Эрдэс баялгийн салбарынхан бид ирж буй шинэ ондоо хичээн хамтран  ажиллах  болно.

Та бүхэндээ сар шинэдээ элгээрээ энх амгалан,төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн барья, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ДАРГА    Х.ХЭРЛЭН