Монгол Улс Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн шинжлэх ухааны зохицуулах хороо (CCOP)-нд гишүүнээр элслээ
Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн шинжлэх ухааны зохицуулах хороо (CCOP)-ны 54 дүгээр ээлжит чуулган 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдлаа.
Чуулганы үеэр Монгол улс Зүүн, Зүүн Өмнөд Азийн Геологийн шинжлэх ухааны зохицуулах хороонд гишүүнээр элссэн чухал үйл явдал тохиосон бөгөөд гишүүнээр элсэх батламжид Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа гарын үсэг зурснаар Монгол улс ССОР-ын 15 дахь гишүүн орон боллоо. Мөн Монгол Улс байгалийн шинжлэх ухааны чиглэлээр боловсон хүчнүүдийг сургах, олон улстай хамтран эрдэм шинжилгээ, хамтарсан судалгааны ажил хийх боломжууд нээгдэж байгаа юм.
Монгол улс нь ССОР-ын гишүүн орон болсноор гишүүн болон хамтрагч орон, хамтрагч байгууллагуудаас геологийн шинжлэх ухааны шинэ ололт, туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, төсөл хөтөлбөрт хамрагдах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа авах, жил бүр зохион байгуулдаг геологийн чиглэлийн сургалтуудад геологичдыг хамруулж, чадавхижуулах, дэлхийн геологийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, геологийн шинэ мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой болов.
ССОР нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллага юм. ССОР нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн14 гишүүн орон, хамтран ажилладаг 14 орон (АНУ, Канад, Их Британи, Австрали, Дани, Герман г.м), хамтран ажилладаг байгууллагуудтай геологийн мэргэжлийн байгууллага юм.
Энэ удаагийн чуулганы үеэр нэн тэргүүнд дэлхий нийтэд тулгамдаад байгаа Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчилөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд, гамшиг, дэд бүтцийн хөгжил, зам тээвэр гэх мэт бүх салбарт геологийн шинжлэх ухаан-дэлхий судлалыг тэргүүн түвшинд хүргэх эрин үе ирснийг онцлон дурьдлаа.