АМГТГ-ын даргын Геологийн баярын мэндчилгээ
Монгол Улсын Геологийн салбарт ажиллаж буй геологичид, эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид болон эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ Геологийн алба үүсэж хөгжсөний 79 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Тэртээ 79 жилийн өмнө БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмал трест байгуулагдсанаар манай геологийн салбарын түүх эхэлсэн гэж үздэг. Түүнээс өмнө ч 1921 онд Судар бичгийн хүрээлэнд газарзүйн тасаг, геологийн секц байгуулагдаж байсан түүх ч бас бий. Ямартай ч үүсч хөгжсөн цагаасаа эхлэн улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд геологийн салбарын оруулсан хувь нэмрийг хэдхэн үгэнд багтааж баршгүй юм.
Багануур, Эрдэнэтээс эхэлсэн их бүтээн байгуулалт одоогийн Оюутолгой, Тавантолгойгоор үргэлжилж, Монгол улсын хөгжлийг түүчээлж буй нь Монголын үе үеийн геологичдын нөр их хөдөлмөрийн үр шим билээ.
Ахмад үеийнхээ өвлүүлж үлдээсэн энэхүү нэр хүндийг дунд үеийнхэн бид түчээлж, их сургуулийн ширээнээс ажлын гараагаа эхэлж буй залуус үргэлжлүүлэх учиртай. Өнөөдрийн Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:200 000–ны масштабын геологийн зураглалаар 100 хувь, геологийн 1:50 000 –ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажлаар 34 хувь, геофизикийн хүндийн хүчний 1:200 000 –ны масштабын зураглалаар 22 хувь, агаарын соронзон судалгааны 1:200 000 –ны масштабын зураглалаар 60 хувь , 1:50 000-1:25 000–ны масштабын агаарын геофизикийн цогцолбор судалгааг 32 хувьд хүргэн тус тус хийж гүйцэтгээд байна.
2018 онд 13.3 тэрбум төгрөгөөр геологийн 1:50 000–ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 28, улсын геологийн 1:200 000 –ны масштабын иж бүрдэл зураг нэгтгэх 3, сэдэвчилсэн судалгааны 3, гадаад хамтын ажиллагааны 1, нийт 35 төслийг хэрэгжүүлж байна.
Мөн бид бүхэн монгол улсын хэмжээнд ашигт малтмал, эрдэс баялагын нөөцийг өсгөх, нэмэгдүүлэх тал дээр өндөр амжилт, үр дүнтэй ажиллаж ирсэн бөгөөд үүний үр дүнд 430 орчим уурхай, уулын үйлдвэр идэвхитэй үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 орчим, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 орчим, экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна.
Геологийн салбарын хөгжлийн түүхийг бүтээхэд хөдөлмөр зүтгэл, бие сэтгэлээрээ оролцсон хамт олон, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд үе үеийн геологичид Та бүхэндээ эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Алх бүхэн амжилт нээж,алхам бүхэн тань гэгээн байг.