Монгол улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 77 жил, экспортлож эхэлсний 20 жилийн ой тохиож байна

Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 77 жил, Монгол Улс газрын тос экспортлож эхэлсний 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас зохион байгуулж, Салбарын сайд Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Ойн баярын арга хэмжээнд АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, М.Энхжаргал, УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат нар болон ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Монгол Улс  1941 онд  ЗХУ-ын мэдэлд байсан “Союз нефть экспорт” нэгдлийнтөлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж,  техник тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн  худалдаж  авсан тэр үеэс түүхийн хуудсаа эхэлсэн газрын тоснысалбар өдгөө  77 жилийн ойтойгоо золгож байна.

Энэ үед  Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ   4163 тонн байжээ. Өнөөдөр Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөджилд 1,2 сая орчим  тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, компанийн нийт  97 агуулах,  1200 гаруй  шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийн үйл ажиллагаа явуулж буй 10 хий агуулах, автомашин хийгээр цэнэглэх 78 станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулж байна.

           1922-1923 онуудад манай орны говийн бүс нутагт геологийн судалгаа явуулж, анх нефтийн гарал үүсэлтэй холбоо бүхий шатдаг занарын илрэл олж тогтоосон америкийн геологич Чарльз Берки, Фредрик Моррис, 1931 онд монгол оронд газрын тос байж болох таамаглал дэвшүүлсэн Д.Теннер, 1940 онд Дорноговийн сав газарт нефтийн илрэл олсон Ж.Дүгэрсүрэн, Ю.С. Желубовский нарын судалгаа, шинжилгээний ажлаар монгол орны газрын тосны хайгуул  судалгааны түүх эхэлдэг  билээ.

1947 оны сүүлчээр “Монголнефть” хэмээх тусгай трест байгуулагдсан нь нефтийн хайгуул судалгааны ажлыг эрс нэмэгдүүлэв. “Монголнефть” трест Зүүнбаянгийн ордын нефтийн нөөцийн тооцоо хийж батлуулан, ашиглалтыг 1950 оноос эхэлсэн төдийгүй, манай орны зүүн ба төвийн зарим нутгаар 1947-1957 оны хооронд нефтийн эрэл үнэлгээний нэлээд хэмжээний ажил явуулжээ.

1940-1963 онуудад ЗХУ-ын геологичид  монгол орны нутаг дэвсгэрт нефтийн геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг явуулж, Дорноговь, Тамсаг, Чойбалсан, Нялга, Өмнөговь, Их нууруудын тунамал хурдастай сав газруудыг тогтоож, нефтийн эрэл, хайгуул, олборлолтын нийт 800 гаруй цооног өрөмдсөн байна.  Дээрх хугацаанд Зөвлөлтийн геологичдын хийсэн нефтийн эрэл, хайгуулын ажлын үр дүнд Дорноговь аймгийн нутагт Зүүнбаян, Цагаан элсний нефтийн хоёр  орд нээж,  нөөцийг 6,2 сая тонн гэж тооцоолж байжээ.

 1950-1969  онд Зүүнбаян, Цагаан элсний ордоос нийт 586мянган тонн нефть олборлон, 1950 онд ашиглалтанд орсон Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрт боловсруулжээ  Энэ үед  Зүүнбаянгийн нефтийн орд ашиглалтын  олборлолтын цооногийн тоо 204-д хүрч байжээ.

Монгол улсын “Газрын тосны тухай” хуулийг УИХ-аас 1991 онд батлан мөрдүүлснээр хайгуул, олборлолтын ажил дахин сэргэн хөгжихөд чухал алхам болж газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Мөн энэ үеэс эхлэн нэр томьёоны хувьд өөрчлөлт оруулж, нефть гэдэг үгийг газрын тос хэмээн хэрэглэх болсон байна.  Энэ хуулийг 2014 онд УИХ-аас шинэчлэн баталсан билээ.

        Хууль батлагдснаар Монгол улсын засгийн газраас Газрын тосны салбарт  баримтлах бодлого  чиглэл,   Газрын тос хөтөлбөр хэрэгжүүлж, тунамал хурдастай нутаг дэвсгэрт газрын тос илрүүлэх төлөв байдлын ангилал хийж 13 сав газрыг хамарсан 22талбай ялгаж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн танилцуулга, сурталчилгааны ажлыг  хийж эхэлсэн байна. Ингэснээр анхны хайгуулын хэлэлцээр 1991 онд, Бүтээгдэхүүн хуваах гэрээ 1993 онд байгуулагдаж газрын тосны хайгуул судалгааны ажил Дорноговь, Тамсагийн сав газруудад эхэлжээ. 

 Энэ үеэс хойш Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын  нийт 33 талбай ялгаж,  27 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ  байгуулснаас 2 талбайн Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ  дуусгавар болж,одоогоор  хайгуулын  25талбайд  21 гэрээлэгч компани  Монгол Улсын Засгийн газартай  Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан  газрын тосны хайгуулын  үйл ажиллагаа явуулж байна.

Хайгуулын ажлын үр дүнд  3 талбайд  333 сая  тонн баталгаат зэрэглэлийн нөөц тогтоосон нь  газрын тосны нөөцийн хэмжээгээр Монгол улс дэлхийн 100 орчим  орноос 33-д жагсах боллоо.

1998 онд Тамсаг 21 талбайгаас түүхий тосыг анх БНХАУ-д экспортолж эхэлснээс хойш эдүгээ 20 оныг элээжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Тамсаг 21,  Тосон-уул 19, 1997 Бүтээгдэхүүн хуваах гэрээт   3 талбайд  Петрочайна Дачин Тамсаг, Доншен газрын тос Монголгэсэн 2 гэрээлэгч компани газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компаниудын ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц  43, 2 сая тонн юм.

Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд  5,9 сая тонн тос олборлож, 5,6 сая тонн тосыг БНХАУ-д  экспортолж,  улсын төсөвт 1,2 их наяд  төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд хоногт дунджаар2742 тонн газрын тос олборлож,2803 тонн газрын тос экспортолж байна.