1. Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газарт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар судалгаа хийж, санал боловсруулах ажлын хэсэг”, “Стратегийн ач холбогдол бүхий ордын хил заагийг шинэчлэн тогтоох санал боловсруулах ажлын хэсэг” тус тус байгуулагдан ажиллаж, нийт 12 ордын хил хязгаарыг шинэчлэн тогтоож, хил хязгаарын зургийг шинэчлэх ажлыг хийж дуусгажээ. Мөн зэс хайлуулах, металлургийн болон коксын үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардлагатай урьдчилсан техник эдийн засгийн судалгаа, шаардагдах хөрөнгө оруулалт, ус болон  эрчим хүчний хэрэгцээ, шинээр бий болох ажлын байрны хэмжээ, дэд бүтцийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулсан үйлдвэрүүдийн байршлын талаарх урьдчилсан тойм санал боловсруулаад байна.

2. Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарт төрөөс баримталж буй бодлого, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоог хангах зорилгоор уул  уурхай, эрдэс боловсруулалт, хими технологи, хууль эрх зүйн зохицуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэд, судлаачид, уул уурхайн инженерүүд, оюутнууд, төрийн албан хаагчид оролцсон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, шилдэг илтгэлийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд ирүүлсэн шилдэг илтгэлүүдийг нэгтгэсэн эмхэтгэл хэвлүүлэн гаргажээ.

3. Ашигт малтмалын газарт ирүүлсэн мэдээллээр 2010 оны жилийн эцсийн байдлаар орон нутагт 61915 орчим хувиараа ашигт малтмал олборлогч иргэд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байгаль цаг уур, газар орны байршлаас хамаарч хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийн тоо байнга өөрчлөгдөж байна. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд нийт 17 аймгийн 49 сум, 1 дүүргийн 107  цэгт  ашигт малтмал олборлож байгаа ба эдгээр хувиараа ашигт малтмал олборлогчдын 86,8 хувийг алтны үндсэн ба шороон ордын олборлогчид, 0,38 хувийг гянтболд, 0,73 хувийг жонш, 2,2 хувийг нүүрс, 0.14 хувийг цагаантугалга, 0.04 хувийг давс, үлдсэн хувийг үнэт чулуу болон бусад ашигт малтмал олборлогчид эзэлж байна.

4. Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгох /IPO/ замаар шийдвэрлэхэд чиглэгдсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаагийн илрэл нь 2010 онд Монголын үндэсний компани дангаараа дэлхийн томоохон хөрөнгийн захуудын нэг болох Хонгконгийн хөрөнгийн биржд анх удаа хувьцаа гаргасан явдал юм. Уг хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Mongolia Energy Corporation Limited” компани одоогоор 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаснаар 27,0 тэрбум хонгконг доллар, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Оюутолгойн орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Айвенхоу майнз” компани 424,9 сая ширхэг хувьцаа гарган 5,6 тэрбум канад доллар, Хонг-Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Ухаа худгийн нүүрсний ордыг эзэмшдэг “Mongolia Mining Corporation” 650,0 сая доллар, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хүннү коал” 20,0 сая долларын санхүүжилтийг тус тус татаж чадсан.

Өнөөдөр Торонто, Лондон, Хонг Конг, Австрали, Нью Йоркийн хөрөнгийн биржүүдэд Монгол улсын уул уурхайн ордтой хамааралтай олон компаниудын хувьцаа арилжаалагдаж байна.

5. Монгол улсын эдийн засагт эрдэс баялагийн салбарын эзлэх хувь хэмжээ тогтмол өсөн нэмэгдэж байна гэж Ашигт малтмалын газраас мэдээлсэн байна. 2009 онд уул уурхайн салбараас үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 60,4%, экспортын нийт бүтээгдэхүүний 84,6%-ийг эзэлж байсан бол 2010 оны дүнгээр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70,6%, экспортын нийт бүтээгдэхүүний 87,7%-тус тус эзэлж байна. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд 2009 онд 22,1%-ийг эзэлж байсан бол өнгөрсөн оны дүнгээр 21,8% болсон байна.

6. Ашигт малтмалын газраас дэлхийн зах зээлийн үнэ ханш, хэтийн төлвийн судалгааг тогтмол гүйцэтгэж, веб сайтандаа байрлуулж байна. 2011 оны IV сард дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өсч 1535.5 ам.доллар/унцид хүрч үнийн дээд амжилт  тогтоолоо. Дөрөвдүгээр сарын дундаж үнэ 1473,8 ам.доллар/унци байгаа нь 3 сарын дунджаас 3,4 %-р өссөн байна. Тавдугаар сарын хувьд дундаж үнэ 1510,4 ам.доллар/унци байсан бөгөөд дээд үнэ 1541,0 ам.доллар/унцид хүрсэн байна.

Алтны үнийн өсөлтөнд Европын бүсийн өрийн байдал, дорно дахины хурцадмал байдал, долларын ханшны бууралт ба хөрөнгө оруулалт зэрэг хүчин зүйлс голлох нөлөө үзүүлсэн. Мөн БНХАУ-д металл болон уул уурхайн гаралтай түүхий эдийн асар их хэрэгцээ байгаа бөгөөд гадаад валютын нөөцөө алт, мөнгө мэтийн үнэт металлаар сольж хувиргах тухай мэдээлэл гарсан нь үнэт металлын үнийн өсөлтөнд нөлөөлж байна.

Зэс:. 2011 оны оны II сараас хойш зэсийн үнэ буурч байгаа бөгөөд V сарын эхний байдаар 8700-8900 ам.доллар/тн байв. Лондонгийн болон Шанхайн металлын бирж дээр зэсийн үнэ буурч байгаагийн гол шалтгаан нь Хятадын инфляци болон долларын ханш чангарч байгаатай холбоотой байна. Лондонгийн Металлын Биржийн зэсийн нөөц II сараас эхлэн нэмэгдсээр одоогийн байдлаар 470 000 орчим тн байгаа юм. Цаашид зэсийн үнэ буурах хандлагатай байна.

Мөнгө: 2011 он гарсаар мөнгөний үнэ маш хурдацтай нэмэгдсэн. БНХАУ гадаад валютын нөөцөө алт, мөнгө мэтийн үнэт металлд хувиргах тухай мэдээлэл цацагдсан нь мөнгөний үнийг алтны үнийн адил хөөрөгдөж энэ оны IV сард дунджаар 41,9 ам.доллар/унцид хүрээд байсан мөнгөний үнэ V сарын дунджаар 36,7 ам.доллар/унци  болж 12%-р буураад байна.

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР