“Нүүрсний аж үйлдвэрийн салбарын удирдах ажилтны ээлжит IV зөвлөлгөөн”-ийг  “Нүүрсний уурхайнуудын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, салбарын бүтээн байгуулалт” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүд С.Оюун, А.Тлейхан, УИХ-ын ТГ-ын ахлах референт Н.Түвшинтөгс, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд А.Ариунсан, Т.Энхтайван нар, Түлшний Бодлогын Газрын дарга А.Эрдэнэпүрэв, АМГ-ын орлогч дарга Б.Эрдэнэбилэг, Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг, ҮХШХ-ны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар, Эрчим Хүчний Газрын даргын зөвлөх З.Хаянхярваа, УИХ-ын судалгааны төвийн  референт Мягмарцэрэн, ЭХЗГ, УБТЗ, ШУТИС-ийн салбар сургуулиудын захирал, тэргүүлэх профессорууд, Монгол нүүрс ассоциаци, УУҮА болон нүүрсний уурхайн удирдлагууд зэрэг 110 хүн хүрэлцэн ирж оролцов.

 Энэхүү  зөвлөгөөнд  ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв “Нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал”, АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг “Нүүрсний уурхай, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл” сэдвээр илтгэл тавьсан юм.

Мөн  нүүрсний аж  үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалт сэдвийн хүрээнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Геологи, уул уурхайн албаны дарга Ч.Энхбаяр “Тавантолгой” төсөл,  “Энержи Ресурс” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Ч.Даваахүү “Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр, зах зээл”,  “НАКО” ХК-ийн ерөнхий захирал Ж.Бат  “Хагас коксын “НАКО” үйлдвэр”,   “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Балсандорж  “Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах, конвейерийн тээврийн систем нэвтрүүлэх төсөл” зэрэг илтгэлийг танилцуулав.

Зөвлөлгөөний үеэр нүүрсний салбарынхан 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг голчлон хэлэлцсэн байна. Дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулууны уурхайн нүүрс нийлүүлэлтийн гэрээ 103,8 хувийн биелэлттэй, авахад болон нээсэн нүүрсний нөөц 1,6 сая тн байна. Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90,9 хувийн биелэлттэй байна.

Харин эрчим хүчний нүүрс нийлүүлэх уурхайнууд болон ДЦС-уудын хооронд хуримтлагдсан өр авлага энэ онд 50 орчим хувиар буурч 11.4 тэрбум төгрөг болжээ. Түүнчлэн нүүрсний аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн нь энэ удаагийн зөвлөлгөөний нэгэн онцлог болохыг зохион байгуулагчид тэмдэглэлээ.

Энэхүү зөвлөлгөөнөөс нүүрсний аж үйлдвэрийн салбарын  тулгамдсан асуудлуудыг төр засгийн шийдвэрлэх түвшинд оруулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд А.Ариунсанаар удирдуулсан ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэгт ЭБЭХЯ-ны ТБГ-ын дарга А.Эрдэнэпүрэв, АМГ НСХ-ийн дарга С.Алтанхуяг, “Багануур” ХК гүйцэтгэх захирал Мэргэнбаатар, “Шивээ-Овоо” гүйцэтгэх захирал Х.Балсандорж, “Адуунчулуун” ХХК захирал Д.Шатар, Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран, “Шарын Гол” ХК  захирал С.Насанбат, Уул Уурхайн Хүрээлэнгийн захирал Пүрэвтогтох, эрдэмтэн н/б Жаргалсайхан нар орж ажиллахаар боллоо.

НҮҮРС, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС