Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, ХБНГУ-ын Байгаль орчны нөхөн сэргээлтийн нийгэмлэгтэй хамтран “Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт” сэдэвт 5 хоногийн сургалт зохион байгуулж байна.

Сургалтанд 25 уул уурхайн компаний 35 инженер, мэргэжилтнүүд оролцож уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, төлөвлөлт, санхүүжилт, нөхөн сэргээлтийн технологи, уурхайн хаалт зэрэг асуудлуудаар мэдлэг, мэдээлэл авна. Мөн суралцагчдад Бороогийн уурхайн байгаль орчны нөхөн сэргээлтийн талбайг газар дээр нь үзүүлж, танилцуулах аялал сургалтын хөтөлбөрт оржээ.

Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Байгаль орчны нөхөн сэргээлтийн нийгэмлэгийн мэргэжилтэн Иорг Щленстет удирдан явуулах бөгөөд Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж байна.

Сургалт ШУТИС-ийн Сургалтын төвд 2012 оны 03 дугаар сарын 20-оос эхэлж 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дараагийн шатны сургалтыг ХБНГУ-д явуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөж байна.

Ашигт малтмалын газар Уул уурхай, судалгааны хэлтэс