Монгол-германы геологи, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнтэй хамтран “Монгол-германы геологи, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны 50 жилийн ой”-г тэмдэглэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

ХБНГУ-аас Холбооны эдийн засаг хөгжлийн яам, Холбооны хамтын ажиллагааны яам, Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн, манай оронд ажиллаж байсан ахмад геологчид бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй зочид хүрэлцэн ирж ойн арга хэмжээнд оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Вернер Реззинг, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Монголыг хариуцсан ажилтан Х.Фэрбех, “BGR” буюу Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ханс-Иахим Кюмпел, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Франка Шварц, Монголд хэрэгжүүлж байгаа төслийн удирдагч Абель Текла нарын нэр хүндтэй албаны хүмүүс байлаа.

Ойд зориулсан баярын хурал, концерт Драмын эрдмийн театрын байранд болж олон жилийн турш мөр зэрэгцэн ажиллаж байсан монгол, германы ахмад геологчид, өнөөдөр манай улсын геологи, эрдэс баялгийн салбарт ХБНГУ-аас хэрэгжүүлж байгаа төслийн ажилтнууд оролцож хагас зуун жилийн хугацаанд хамтран ажилласан үйл ажиллагааны үр дүн, өнөөгийн байдал, хэтийн төлөвийн тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

Баярын хурлын үеэр ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монгол-германы геологи, эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагаа“, “Монголын алтны үйлдвэрлэл” нэртэй хоёр номыг танилцуулж мөн нэртэй баримтат кино, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолтыг үзүүлсэн.

Хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцон баяр хүргэн үг хэлж манай хоёр орны геологи, эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагааг өндөр үнэлж хойшид өргөн хэтийн төлөв байгааг дурдаж Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Уул уурхайн мэргэжлийн яамыг бие даан байгуулсныг онцолж манай хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх зорилго тавигдаж байгааг ихээхэн анхаарч байгаагаа хэлсэн. Тэрбээр ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн ХБНГУ-ын зочдод “Монголын геологийн алба-70 жил” медаль гардуулж тэрчлэн АМГ-аас дурсгалын зүйл өгсөн.

ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга ноён Вернер Реззинг баярын хурал дээр үг хэлэхдээ герман-монголын хамтарсан уул уурхайн академи байгуулах зэрэг хамтын ажиллагааны олон сайхан санал дэвшүүлж байлаа. Баярын хурал дээр Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, Геологийн яамны сайд асан Ч.Хурц нар мөн үг хэлсэн.

ШУТИС-ийн Шинэ номын сангийн байранд “Монгол-германы геологи, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа” сэдэвт онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурал явагдаж монгол, германы эрдэмтэд хамтын ажиллагааны чухал тулгамдсан асуудлаар оюун ухаанаа уралдуулж тус салбарт монголын төрөөс баримталж байгаа бодлого, өнөөгийн байдал, хэтийн төлөв, хоёр орны геологийн салбар дахь хагас зуун жилийн хамтын ажиллагааны үр дүнгийн тухай илтгэлийг сонсгож тус салбарт тулгамдаж байгаа зарим асуудлыг хэрхэн хамтран оновчтой шийдвэрлэх тухайлбал алтны хайгуул хийх арга зүй, байгалийн эрдсийн судалгааны бүтэц, Геологийн төв лаборатори, АМГ-т ХБНГУ-аас хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, явц, БНАГУ-д болон ХБНГУ-д салбарын боловсон хүчнийг бэлтгэж ирсэн уламжлал, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллаагааны тухай эрдэмтдийн судалгаа, шинжилгээний үр дүнгийн хэлэлцсэн байна.

ХБНГУ-аас ирсэн зочид Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрладаг “БорооГоулд” компанид зочилж тус компанийн шүйцэтгэх захирал Б.Козаков, уурхайн дарга Д.Оргодол нар уурхайнхаа үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцуулсан. Зочдыг Төрийн ордны үйл ажиллагаатай мөн танилцуулсан.

Ойн арга хэмжээнд зориулсан хэвлэлийн бага хурал болж УУЯ-ны Геологийн хэлтстйн дарга D6Баатарцогт, АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Вернер Реззинг, ХБНГУ-ын “BGR” буюу Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ханс-Иахим Кюмпел нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан.