Уурхайчдын ойн хүчит бөхийн барилдаан сонирхолтой болов

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, уурхайчдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааныг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран “Болд Төмөр Ерөө гол” компанийн дэмжлэгтэйгээр Бөхийн өргөөнд зохион явуулав.

  Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Д.Баасандорж, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Улсын харцага Т.Амартүвшин, Ө.Бат-Орших, А.Бямбажав, Б.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, А.Цацабшир, Улсын начин Б.Амарзаяа, Ду.Батбаяр, Н.Батзаяа, Ч.Баянмөнх, Б.Батмөнх, Б.Гончигдамба, И.Ёндонсамбуу, Ц.Одбаяр, Ж.Отгонбаяр, Н.Бүрэнбаатар, Э.Энхбат нарын улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглож хүчийг үзэж сонирхолтой барилдаан боллоо. Барилдаанд Улсын арслан Г.Эрхэмбаяр найм даван түрүүлж Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж шөвгийн дөрөвт Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Ц.Содномдорж нар үлдсэн байна. Зургаагийн даваанд Улсын арслан Г.Эрхэмбаяр Улсын харцага А.Бямбажавыг, Улсын заан М.Өсөхбаяр Улсын начин Ц.Одбаярыг, Улсын харцага Ц.Содномдорж Улсын начин Ц.Амарзаяаг тус тус амлан хаясан баййна. Энэ барилдаанд Улсын начин Н.Батзаяа, Ц.Одбаяр, аймгийн арслан Т.Баасанхүү нар уран хурц барилдаан харуулж үзэгчдийг өндөлзүүлж байлаа.

Барилдааныг УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхайн сайд Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Геологийн яамны сайд асан Ч.Хурц, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба нар үзэж сонирхлоо.

Барилдааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” компанийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэлтсийн дарга С.Давааням, “БорооГоул” компанийн алт цэвэршүүлэх үйлдвэрийн дарга Б.Оргодол, АМГ-ын мэргэжилтэн Д.Билэгбаяр нарыг “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнасан байна.