АМГ-аас БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялагийн хүрээлэнтэй төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулав
АМГ-ын төлөөлөгчид БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялагийн хүрээлэн буюу КИГАМ-ийн урилгаар Сөүл хотод айчлал хийгээд ирлээ.
Айчлалын явцад “Хангайн бүсийн зүүн урд хэсэгт геологийн судалгаа болон ашигт малтмалын хайгуул хийх” гэрээ байгуулж уг гэрээнд монголын талаас АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд Өмнөд Солонгосын талаас Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялагийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал доктор Сун-Вүк Чо, төслийн зохицуулагч, доктор Чул-Хо Хё нар гарын үсэг зуржээ.
Монгол орны төв хэсгийн Хангайн бүсийн зүүн урд хэсэгт хийх геологийн судалгааны ажлын хүрээнд Төв Монголын металлогений бүсэд Хангайн бүсийн геологи, шинжлэх ухааны судалгааг газарзүйн мэдээллийн болон тандан судалгааны дэвшилтэт технологи ашиглан явуулж Хангайн бүсийн геологийн зураглал хийж гурван хэмжээст нэгдсэн зургийг 1:200000-ны масштабаар зохиох юм. Тэрчлэн судалгааны талбайгаас цуглуулсан чулуун дээжийн геохими, петрологийн шинжилгээ, эрдсийн гарал үүслийн судалгааг КИГАМ-д хийх, геологийн суурин боловсруулалт, нөөц болон тархацын ерөнхий мэдээлэл солилцох, мэргэжилтнүүд солилцон туршлага судлах, монголын геологчдийг олон улсын сургалтын хөтөлбөрт хамруулах зэрэг олон арга хэмжээг гэрээнд тусгажээ.
БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл холбоо, технологи, ирээдүйн төлөвлөлтийн яамнаас санхүүжилтийг гаргаж байгаа энэ төслийг 8 сарын хугацаанд гүйцэтгэж энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөсөн байна.
Манай төлөөлөгчдийг КИГАМ-ын ерөнхийлөгч Хи Ил Ли хүлээн авч уулзсан хийгээд тус улсын Газарзүйн шинжлэх ухааны олон улсын сургалтын төв, Газар хөдлөл судлалын төв, КИГАМ-ын Геохимийн шинжилгээний төвд зочлуулж үйл ажиллагаатай нь танилцуулсан байна.