Урт нэртэй хуулийн асуудлаар дугуй ширээний ярилцлага болов
Уул уурхайн яам, АМГ-аас хамтран “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлийн хүрээлэлд хамрагдсан зарим аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч дугуй ширээний ярилцлага зохиов.
АМГ-ын Хурлын танхимд болсон уг дугуй ширээний ярилцлагад УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, АМГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх нар болон яам, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцож аж ахуйн нэгжүүдийн санал бодлыг сонслоо.
Дугуй ширээний ярилцлагад “АлтанДорнод Монгол”, “Багануур”, “Болд Төмөр Ерөө гол”, “Гэрэлт шинэчлэл”, “Их Дэлгэр мөрөн”, “Монголын алт” (МАК), “Мондулаан трейд”, “Монполимет”, “Орд-Талст”, “Рэджи Монголиа”, “Рэдхим Монголиа”, “Сонсголон Бармат”, “Төгрөг Нуур Энержи”, “Эвэрпласт”, “Эрдэнэс Тайнинг”, “Эрдэс Холдинг” зэрэг компани, МУУҮН, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөгчид оролцлоо.
Дугуй ширээний ярилцлагыг нээж УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү үг хэлэхдээ, Урт нэртэй хуулийн үйлчлэлд ашиглалтын 427, хайгуулын 909 тусгай зөвшөөрөл хамрагдаж Засгийн Газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хамгаалалтын бүсийн заагийг тогтоож нийт 123 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нөхөн олговор авах хүсэлтэй гаргасан юм, хуулийг хэрэгжүүлэх явцад нөхөн төлбөрийг хэрхэн тооцох гэх зэрэг зарим хүндрэл бэрхшээл гарч хуулийг гацаанаас гаргах талаар аж ахуйн нэгжүүд ялангуяа алтны шороон орд бүхий аж ахуйн нэгжүүд, байгаль орчны төрийн бус байгууллагуудын саналыг сонсох, хамгийн гол нь улсын төсөв хүндрэлтэй байгаа үед хуулийн хэрэгжилтийг аль аль талдаа хүндрэл бага гарахаар хангах зэрэг асуудлаар санал бодлоо солилцох зорилгоор энэхүү ярилцлагыг зохион байгуулж байна, хууль гарахаас өмнө үйл ажиллагаа нь явж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлүүдийг үргэлжлүүлэх, хууль гацсан асуудлыг арилгах тал дээр судалгаа хийж байна гэлээ.
Хамгийн түрүүнд МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба үг хэлж Урт нэртэй хуулийн байгаль орчны хамгаалах санаа нь зөв ч хэрэгжүүлэх механизм нь буруу учир дөрвөн жил болоход энэ хууль бүрэн хэрэгжихгүй байна, иймд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд нөөцөө дуусгах боломж олгох хэрэгтэй байна, үүнд хязгаарласан, хориглосон талбайн хилийн заагийг тодорхой болгох, нөөцөө сорчилж биш бүрэн олборлож дуусгах, байгальд ээлтэй техник ашиглах, нөхөн сэргээлт хийх өндөр шаардлага тавих хэрэгтэй байна, гол мөрөн, ойн сав газарт дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх, хууль гарснаас хойш гол, мөрний эх, ойн сан бүхий бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцалж олборлолт хийлгэхгүй байх шаардлагатай байна, энэ хууль гарснаас хойш хугацаанд олон аж ахуйн нэгж хохирсон, тухайлбал арваад компани уул уурхайн салбараас бүрмөсөн явсан, дөрвөн жилийн хугацаанд олборлолтоо зогсоож мэргэжлийн боловсон хүчнээ нинжа болгон алдсан, дөрвөн жил харуул хамгаалалтанд хөрөнгө зарцуулсан, хууль дээдэлж байгаа компаниудад нөхөн төлбөр олгох нөхцөл, хэлбэрийн асуудал яригдах ёстой, гол, мөрний сав, ойн сан бүхий газарт олборлолт явуулж байгаа нинжа нарыг компанийн хэлбэрт шилжүүлж татвар төлдөг болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэж онцлон дурдсан.
Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоог төлөөлж Э.Сүхбаатар үг хэлэхдээ, нийслэлийн эргэн тойронд барилгын материал олборлох зөвшөөрөлтэй хоёр зуу гаруй аж ахуйн нэгж байгаагаас 84 тусгай зөвшөөрөл нь Урт нэртэй хуульд хамрагдаж байгаа юм, хилийн заагийг нь алдаатай тогтоосон, харилцан адилгүй талбай олгосон гээд асуудалд орон нутгийн захиргаа асуудалд үзэмжээр хандаж байгааг болиулах хэрэгтэй, “Орд талст” компанийн төлөөлөл Б.Дүгэрсүрэн хууль гарснаас хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа учир татварын өртэй болоод байна, төрийн захиргааны байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах тал дээр тааруу байна, “Монполимет” компанийн хуулийн зөвлөх Л.Амарбаясгалан Урт нэртэй хууль жигд үйлчлэхгүй, зөвхөн алт олборлодог компаниудыг хамраад байна, мөн компанийн геологч менежер А.Ганбат байгаль орчноо нөхөн сэргээж нийгмийн хариуцлагаа хүлээж ажилладаг аж ахуйн нэгжүүдийг дэмжмээр байна, “Эрдэс Холдинг” компанийн төлөөлөл гарсан хуулийг хэрэгжүүлсэнээрээ манай компани хохирч байна, төрийн мэдэлд байгаа ордууд нь хэвийн үйл ажиллагаа явуулаад хууль адил тэгш үйлчлэхгүй байна, “Эвэр талст” компаний төлөөлөл хилийн зааг, хамгаалалтын бүсийг ялгавартай тогтоож байна, “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Цогтгэрэл нөхөн олговрыг хоёр жилийн дотор олгоно гэсэн ч одоо болтол сураг алга, нөхөн сэргээлт хийсэн талбай дээр нинжа нар орж сүйтгээд байна гэсэн маш олон санал шүүмжлэлийг ярилаа.
Дугуй ширээний ярилцлагын үеэр Урт нэртэй хууль нь байгаль орчны тухай багц хуулин дээр санаа нь тусгагдсан байна, иймд нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой заалтуудыг Ашигт малтмалын тухай хуулинд нэмж оруулж бусад асуудлыг нь Байгаль орчны тухай багц хууль болон Ашигт малтмалын тухай хуулиараа зохицуулбал зүгээр байна, хууль гарахаас өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцалж байгаа нь буруу, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааг хэвийн явуулах боломж олгох, хилийн заагийг тодорхой тогтоох хэрэгтэй байна, Засгийн Газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоол хоёр хоорондоо зөрүүтэй байгааг нягтлан хянах, стратегийн ордуудыг буюу төр өөрийн мэдэлд байгаа ордуудаа хуулинаас гаргачихаад хувийн аж ахуйн нэгжүүдийн ордыг болохоор Урт нэртэй хуульд хамруулж байгаа нь зөв бодлого биш байна гэсэн олон санал гарсан байна.
Ашигт малтмалын газар