Бичил уурхайчидтай уулзаж санал бодлыг сонсож заавар, зөвөлгөө өгчээ

УУХ-ийн Бичил уурхайн тасгийн мэргэжилтэн Д.Билэгбаяр, Хэвлэл мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн Д.Өлгийсайхан нар багт Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төслийн” мэргэжилтэн Ц.Энхцэцэг, Н.Гэрэл, МУИС-ийн Нийгмийн сургуулийн Социологийн тэнхимийн докторант, судлаач Г.Одгэрэл нарын хамт Төв аймгийн Борнуур, Заамар, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл, Мандал, Баянгол, Ерөө, Хүдэр сум болон Бугант багаар явж сум, орон нутгийн удирдлагуудад бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөгдөх хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, тогтоомж, дүрэм журмуудыг танилцуулан сурталчилж бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход мөрдөгдөж буй хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журмуудын талаар сургалт явуулан, үүрэг зөвлөгөө өглөө. Очсон сум, баг бүрт сумын Иргэдийн хурлын зарим төлөөлөгчид, Засаг дарга, Засаг даргын тамгын газрын ажилтнуудтай уулзан томилолтын удирдамж, зорилгоо танилцуулж, мэдээлэл солилцож шаардлагатай заавар зөвлөгөө өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Борнуур сумын Засаг дарга Ц.Гүенбаатартай уулзахад “Манайд бичил уурхайчид цөөнгүй байна. “Хөх загас” нөхөрлөл бий. Манай сумын бичил уурхайчид голдуу Бортолгой ууланд ажилладаг, сууршимал хэлбэрт орсон. Сумын хэмжээнд бичил уурхай тогтмол идэвхтэй эрхэлдэг зуу орчим хүн бий. Өнөөдөр энд дархан, гуталчин байснаа металл гарлаа гэхээр маргааш нь тэнд тоног төхөөрөмж, пүүгээгээ аваад явчихдаг. Тэд хоорондоо хэлхээ холбоо сайтай. Баянхонгор, Ховд, Хэнтий аймгууд руу ч явчихдаг. Төдөлгүй буцаад л ирдэг. Алтны ил тод байдлын асуудлаар татвар багассан нь бичил уурхайчдад таатай тусаж байна. Бичил уурхай эрхлэгчдийг дотор нь хэд хэд ангилж болно. Бичил уурхай эрхлээд өвчин ялангуяа сүрьеэ өвчин тусаад ажиллах чадваргүй болсон хүмүүс цөөнгүй. Бас өндөр орлого олдоггүй, амьдрал нь дээшилдэггүй, өнөө маргаашаа аргацаадаг хэсэг байхад үнэхээр том ашиг олж амьдрал нь суга дээшилсэн хүмүүс ч байна. Бичил уурхайчдын хүүхдүүдийн сургууль хамрагдалт, сайн дурын нийгмийн даатгал, нийгмийн халамжийн асуудал хэвийн" гэж ярилаа.

Баянгол сумын Засаг даргын орлогч А.Сарангэрэл ярихдаа “Ашигт малтмалын тухай хуульд Бичил уурхайн талаар оруулах санал авах сургалтыг зохион байгуулж байгаад талархаж байна. Тус суманд бичил уурхай эрхлэгчид цөөнгүй, тэд манай суманд биш, Төв аймгийн Октябрийн уулын орчимд төвлөрөл үүсгэн ажиллаж байна. Тус суманд бүртгэлтэй 8 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Сумын захиргаанаас хааяа тойрч эргэж ажил байдалтай нь танилцаж санал хүсэлтийг нь сонсдог. Сайн дурын нийгмийн даатгалын асуудал сайжирч хэвшсэн. Гэхдээ нөхөрлөл бүрээс авах 53 000 төгрөгийн хураамж нь төлөгдөхгүй, бодит байдалтай тохирохгүй байна. Уржнан болсон бичил уурхайчдын тооллогоор манай суманд мянган бичил уурхайчин байна гэсэн тоо гарсан, тэр тоогоор аймгаас жил бүр төлөвлөгөө өгөөд байна. Тооллогоор зөвхөн бичил уурхайчид төдийгүй үйлчилгээний хүмүүс тухайлбал худалдагч нарыг оролцуулж хамруулсан байдаг. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газартай хамтран хууль эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалт явуулж байсан. Бичил уурхай эрхлэгчид суурьшмал байдалтай болсон. Манайх гэлтгүй өөр орон нутгаас, Баянхонгор, Дорнод, Дорноговь аймгуудаас, Зүүнхараагаас хүмүүс ирсэн байдаг. Одоогоор 450 орчим бичил уурхайчид байна.” гэж онцлон дурдсан.

“Буянтын хөндий-Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа ярихдаа “Манай төрийн бус байгууллагад 63 нөхөрлөл хамрагддаг, нэг нөхөрлөл нь 5-8 хүнтэй, нийтдээ гурван зуу гаруй бичил уурхайчид ажиллаж байна, ажил төрөл нь тогтмолжсон. Бүх асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хамтран шийддэг. Иргэд олноороо элсэх гэж ирдэг. Манайх баяжуулах цехтэй, тэнд жар гаруй хүн ажилладаг. Шарын голын уурхайн хаягдал хөрсний шороон далангийн хажууд үүссэн, дороосоо ундрагатай нуурын усаар чулуу, шороогоо угаадаг. Байнга хамтран ажилладаг ченжүүд бий, зарим нь манайд бас ажилладаг, бичил уурхайчид. Тэд металл худалдаж авахаас гадна бичил уурхайчдад хөнгөн тэрэг авах, байр орон сууц барих, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх бичил зээл олгох үйлчилгээ бас эрхэлдэг. Манай энд бас “Бурхантын эрдэнэт тал” ТББ бий, түүнд ная гаруй гишүүнтэй 14 нөхөрлөл хамрагддаг. Нөхөрлүүдэд гаднын иргэдийг сумын Засаг даргатай тохиролцсоноор түүний цохолттой бичгээр авдаг. Манай үйл ажиллагаанд сумын цагдаагийн хэсэг, байгаль орчны байцаагч байнга хяналт тавьдаг. Бид нөхөн сэргээлтэнд их анхаардаг, 2.8 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж нүхийг булж суулгац суулгасан. Одоо Азийн сангийн төсөлд хамрагдах хүсэлтэй байна. Тэрчлэн Дэлхийн зөн байгууллагаас зарласан “Гэр-цэцэрлэг” төсөлд материалаа өгсөн. Бичил уурхай эрхлэх гэсэн хүмүүсийг бид хорьж дийлэхгүй нь ээ. Иймд төр, засгаас бодлого, үйл ажиллагаа уян хатан болгох хэрэгтэй байна. 53000 төгрөгийн хураамж амьдралд нийцэхгүй өндөр байна, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь нөхөрлөл, төрийн бус байгууллага гээд зохион байгуулалтад орсон бүтэцтэй тулж ажиллаж хөдөлмөр, эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй байдлыг хангасан, нөхөн сэргээлт хийсэн нөхцөлд ажиллах зөвшөөрөл олгох хэрэгтэй байна. Нэг бичил уурхайчны ард гурваас дөрвөн гишүүнтэй ам бүл байна. Гадаадын том компаниудад газар олгодог, монгол хүмүүсээ гадуурхаж болохгүй, бид эх орондоо нутаг дэвсгэр дээрээ баялагаа өөрсдөө олборлож амьдралаа дээшлүүлмээр байгааг хаана хаанаа ойлгоосой.” гэж өгүүлсэн.

Сумдын удирдлага, ажилтнууд болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд “Ашигт малтмалын тухай хууль”, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмуудыг танилцуулан, судалгаа авсан.

Зарим газар бичил уурхайчид хатуу зохион байгуулалтад орж нэг хэсэг нь тэднийг удирдаж бусад нь цалин хөлс тохирч авдаг хөлсний ажилчид хэлбэртэй ажиллаж байна. Бичил уурхайчдын төвлөрөл үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөнгөн усны хууль бус худалдаа, хэрэглээ оршсоор байна. Зарим газар бичил уурхай эрхлэгчид Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орж хайгуулын тусгай зөвшөөрлийн хориг тавигдахыг, тэрчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль хэрэгжиж эхлэхийг хүлээж, энэ хууль хэрэгжиж эхэлмэгц түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөл авч шар металлаа олборлох зорилготой байгаагаа ярьж байлаа.