Мэдээлэл
Ашигт малтмалын газрын Геологийн албаны хоёр ажилтан 1 жолоочийн хамтаар Өвөрхангай, Баянхонгор аймагт 2014 оны 7 дугаар сарын 21-ны өдрөөс 19 хоногийн хугацаатай томилолтоор ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас 100 орчим км газарт автомашины дугуй хагарч, тусламж дуудахаар яваад төөрч, манай 27 настай залуу геологич эндсэн харамсалтай явдал боллоо.
Талийгаач Б.Мөнх-Эрдэнэ нь АМГ-ын Геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны тасагт Шатах ашигт малтмал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд өмнө нь "Циркон майнинг" ХХК-д геологич, "Хулан уул" ХХК-д уул уурхайн албаны даргаар ажиллаж байсан туршлагатай, тэргүүний залуу геологичдын нэг байв.
Дээрх томилолтоор явсан ажилтнууд байгууллагын албан тушаалтнуудтай байнга холбоотой байсан бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим тус агентлагийн Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэнтэй утсаар холбогдон “Баянхонгор аймагт явж байна” гэж хэл дуулгасан байна.
2014 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 9 цаг 11 минутанд Баянхонгор аймгийн Баян-өндөр сумын засаг дарга н.Идэрмөнх Ашигт малтмалын газрын санхүү, үйлчилгээний тасгийн даргад утсаар “Өчигдөр орой буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед танай байгууллагын 2 ажилтан сумын эмнэлэгт хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгэсэн. Нэг ажилтан нь сураггүй болоод 4 хонож байгаа юм байна” гэж мэдэгдсэнээр эрэл хайгуулын ажлыг шуурхай эхлүүлж, Агентлагийн дарга шуурхай хуралдаан зарлаж дараах арга хэмжээнүүдийг авсан байна. Үүнд:
- Агентлагийн даргын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр а-60 тоот тушаал гарган ажлын хэсэг томилсон бөгөөд 2 хэсэгт хуваагдан ажилласан байна. Ингэхдээ Агентлаг дээр шуурхай ажлын хэсгийг Газрын дарга Д. Үүрийнтуяа, Баянхонгор дахь ажлын хэсгийг тус газрын Геологийн албаны дарга Д. Болд нар ахлан ажиллажээ.
- Ажлын хэсэг хуралдаж Баянхонгор аймгийн засаг дарга н.Жаргалсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга нартай тус тус утсаар холбоо барин яаралтай нэмэлт хүч гарган шуурхай арга хэмжээ аван эрэл хийж өгөхийг хүссэн бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар болон бусад Нислэгийн компанитай холбогдож зөвшөөрөл авсаны дагуу Нисдэг тэрэг хөлслөн эрлийн ажил хийлгэхээр УБ-Баянхонгор-УБ-ын чиглэлд 12000$-ын урьдчилгаа зардлын асуудлыг шийдвэрлэж, УБ-аас 14.30 минутанд Баянхонгор аймаг руу Геологийн албаны дарга Д.Болдын ахалсан 7 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг нисч, эрлийн ажлыг зохион байгуулан ажилласан байна.
- Байгууллагаас нэг автомашиныг холбогдох шаардлагатай сэлбэг, хэрэгсэл бусад зүйлсийн хамтаар 14.50 минутанд Баянхонгор аймаг руу гаргасан бөгөөд газар дээр нь очин эрлийн багийнхантай хамтран ажилласан байна.
- Ажлын хэсгийн гишүүд ар гэрийнхэнтэй нь болон Онцгой байдлын ерөнхий газрын онцгой байдлын албаны дарга н.Намсрайжав, Баянхонгор аймгийн, Шинэжинст, Баян-Өндөр сумдын Засаг дарга , Онцгой байдлын хэлтэс, албадын дарга нартай байнга утсаар холбоо барин ажилласан байна.
- 2014 оны 7 дугаар сарын 30-ны байдлаар 1 онгоц, 10 автомашин, 5 мотоцикльтой 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажил явуулсан.
- 2014 оны 7 дугаар сарын 31 байдлаар 1 онгоц, 15 машин, 8 мотоцикл,74 хүн газар дээрх эрэлд оролцсон.
- 2014 оны 8 дугаар сар 1-ний байдлаар эрэлд оролцож байсан, Баян-Өндөр сумын иргэн мотоциклээс унаж ухаангүй байгаа бөгөөд өнөөдөр 14:00 цагт гэмтлийн эмнэлгээс 2 хагалгааны эмч, 2 сувилагч, эм тариа багаж хэрэгсэлтэйгээ, “Blue Sky Aviation” компаны 10 суудалтай онгоцоор УБ–аас Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум руу гарсан байна.
Өнөөдрийг хүртэлх эрлийн ажлын зардлыг АМГ бүрэн хариуцаж ажиллаж байна.
Баянхонгор аймгийн Баян-өндөр, Шинэжинст сумдын нутаг нь говь, хангайн зааг нутагт оршин уул, тал хөндий хосолсон хэлбэр бүхий газартай, машинаар явахад хүндрэлтэй. Зарим газраа хад чулуу модлог ургамал ихтэй, зарим газраа элсэрхэг зөөлөн байдаг.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР