Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв.

2017 оны 1 дүгээр сард 14827.2 мян. м3 хөрс хуулж, 5427.1  мян.тн нүүрс олборлож, 3619.2 мян.тн  борлуулсанаас 2630.6 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал  нүүрсний олборлолт 141.8%, борлуулалт 173.0%, экспорт 126.7%-ийн өссөн  үзүүлэлттэй байна.

2017 онд 1,1 сая тонн газрын тос олборлож, экспортлоно.

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 1,1 сая тонн газрын тос олборлож экспортлох  төлөвлөгөөтэйгээс 2017 оны 2 дугаар сарын  22 ны байдлаар 150,2 мянган тонн түүхий тос олборлож, 147,4 мянган тонн тос экспортоллоо.

АМГТГ нь улсын төсөвт 21,99 тэрбум төгрөгийг төвлөрүүллээд байна.

АМГТГ нь улсын төсөвт 1 дүгээр  сард  18,6 тэрбум төгрөн төвлөрүүлэхээс  21,99 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Үүнээс газрын тосны экспортын орлогоос 18,6  тэрбумыг төвлөрүүлжээ.

Шатахууны ердийн хэрэглээний 46 хоногийн нөөцтэй байна.

2017 оны 2 дугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 76, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 47, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна.

Хүнд үйлдвэрийн салбарын  нэгдсэн мэдээллийн сан байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа.

Энэ ажлын хэсэг нь өнгөт болон хар төмөрлөг, нүүрс-хими, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн өгөгдлүүдийг харуулсан,  хүртээмжтэй мэдээллийн тогтолцоо бүхий  цогц сан бий болгох зорилготой юм.

1,6 сая гектар талбайг шинээр тогтоон нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор зарлалаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгодог.

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой 8,6 сая гектар талбайн солбицолыг тогтоож нийтэд мэдээлсэн.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 37 дугаар тогтоолоор 1,61 сая гектар талбайг нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлээд  байна. 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР