“Баян петролиум” ХХК-тай газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 165 дугаар тогтоолоор газрын тосны хайгуулын Гурванбаян ХХХ талбайд “Баян петролиум” ХХК-тай хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон юм. Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, “Баян петролиум” компанийн захирал Ц.Болормаа нар Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөдөр /2024.12.04/ баталгаажуулж, гарын үсэг зурлаа.

Ёслолын арга хэмжээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал болон яам, агентлагийн холбогдох газрын удирдлагуудаас гадна “Баян петролиум” компанийн хөрөнгө оруулагч, туслан гүйцэтгэгч “JN OIL” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Бээжин Дамо Петролиум Инженеринг” ХХК-ийн захирал Чи Юуэ, МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга М.Очирбат нарын бусад зочид төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгасан газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан “Баян петролиум” нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Тус компанийн Гурванбаян ХХХ талбайд газрын тосны хайгуулын ажилд хөрөнгө оруулагч, туслан гүйцэтгэгчээр БНХАУ дахь газрын тос, нүүрсний давхаргын метан хий, байгалийн хийн өрөмдлөг, шаврын судалгаа, каротажийн судалгааг цогцоор хийдэг, төрийн өмчит CNPC, CNOOC, Sinopec зэрэг мэргэжлийн компаниудтай эн зэрэгцэх хувийн өмчит компани болох “Чайна нью стар энержи” ХХК хамтран ажиллана. 

Тус компани хайгуулын талбайд шаардлагатай геологи, геофизикийн хайгуул судалгаа, цооног өрөмдөх, тест хийх өрөмдлөг, каротаж, туршилт, үнэлгээ, олборлолтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажээ.
Гурванбаян ХХХ талбайн хайгуул, ашиглалтын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол Улсын Засгийн газар олборлолтын хэмжээнээс хамаарч 43-56 хувь хүртэлх ногдол ашиг авахаар тусгасан. Тухайлбал, сард олборлосон түүхий тосны өдрийн дундаж хэмжээ нь 5000 баррельтай тэнцүү буюу түүнээс бага байвал Монгол Улсын Засгийн газар 43 хувь, 5000 баррелиас их 10000 баррельтай тэнцүү бол 45 хувь, 10000 баррелиас их 15000 баррельтай тэнцүү бол 47 хувь, 15000 баррелиас их 20000 баррельтай тэнцүү бол 52 хувь, 20000 баррелиас их бол 56 хувийн ногдол ашгийг Монгол Улсын Засгийн газар авна. Үүний зэрэгцээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ -ийн 10 хувийг гэрээлэгч тал Засгийн газарт төлөх юм.

Мөн байгаль орчны нөхөн сэргээлтэд 380,000 ам.долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг найман жилээр байгуулж байгаа бөгөөд хайгуулын хөрөнгө оруулалтад 31 сая 685 мянган ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.


Монгол Улсын төрөөс газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх бодлого баримталж, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, ил тод, нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн, олон чухал зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор АМГТГ-аас газрын тосны хайгуулын 15 талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, өнгөрөгч 11 дүгээр сард газрын тосны хайгуулын 1, метан хийн хайгуулын 1 гэрээг тус тус байгуулсан бөгөөд гурав дахь Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ “Баян петролиум” ХХХ-тай ийнхүү баталгаажуулав.