Ч.Чулуунбат: Гуравдагч орнуудаас түлш импортлох боломжийг нэмэгдүүлнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбатаас зарим зүйл тодрууллаа.
Сүүлийн үед шатахууны импортын хилийн үнэ хэр нэмэгдсэн бэ? Хилийн үнэ нэмэгдсэн мэдээллийн талаар тодруулна уу?
Монгол Улс болон ОХУ хооронд байгуулсан урт хугацааны хамтран ажиллах гэрээний дагуу тухайн сарын хилийн үнийг олон улсын биржийн өмнөх сарын газрын тосны ханшийг үндэслэн тусгай томъёоллоор тогтоодог. Газрын тосны дэлхийн зах зээлийн ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор манай улсад нийлүүлж буй шатахууны хилийн үнэ энэ оны эхнээс хэлбэлзэж ирсэн. Өнгөрсөн ес болон арваннэгдүгээр сарын эцэст болсон ОПЕК-ийн ээлжит хуралдаанаар гишүүн орнууд нь газрын тосны олборлолтоо бууруулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна.
Манай улсын дотоодод борлуулж буй жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөх гол гадаад хүчин зүйл нь дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш юм.
Ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларч байгаа нь шатахуун импортлогч компаниудад хэрхэн нөлөөж байгаа бол? Зарим компанийн зүгээс шатахууны үнэ нэмэх шаардлагатай талаар ярьж байсан. Шатахууны үнэ цаашид тогтвортой байх уу?
Дотоодын жижиглэнгийн үнэд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг нь вальютын ханшийн хэлбэлзэл. Долдугаар сараас ам.доллартой харьцах төгрөгийн ханш эрс суларсан. Тухайлбал, долдугаар сарын 1-нд ам.долларын ханш 1992.76 төгрөг байсан бол арваннэгдүгээр сарын 30-нд 2466.64-т (Монголбанкны албан ханш)хүрч, 473.88 төгрөг буюу 23.7 хувиар чангарсан. Тухайн үеийн гадаад зах зээлийн үнийн хэлбэлзэл, төгрөгийн ханш суларснаас хамааран засгийн газрын наймдугаар сарын 3-ны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар харалдааныг есдүгээр сарын 30, хоёр дахийг нь арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулж, холбогдох зөвлөмжийг засгийн газарт хүргүүлсэн. Үр дүнд нь засгийн газрын аравдугаар сарын 05-ны 109 дүгээр тогтоол, арваннэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ аваад байна. Харин баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулж буй үнийг төвийн бүстэй ижил түвшинд хүргэх зорилтын хүрээнд” татварын хувь хэмжээг 0 болгосон тул зохицуулалт хийх боломжгүй. Иймээс баруун бүсийн зарим аймагт орлуулж буй шатахууны жижиглэнгийн үнэ 50-150 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон вальютын ханшийн хэлбэлзлээс хамаарч Засгийн газар, холбогдох төрийн байгууллагаас судалгааны үндсэн дээр тухай бүрт нь үнэ тогтворжуулах арга хэмжээ авна.
Манай улс хэд хоногийн шатахууны нөөцтэй байна вэ?
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөөд байсан. Үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 44, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.
Монгол улс аль орнуудаас хэдий хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн импортлож байна вэ?
ОХУ, БНХАУ болон гуравдагч орнуудаас автобензин, дизель түлш импортлох боломжоор хангах асуудлыг тогтмол бодлогоор дэмжин ажиллаж байгаа. 2013 онд БНХАУ-ын “Чайна-Ойл” компанитай Монгол улсаас экспортолж байгаа газрын тосны тодорхой хувь нь шатахуун худалдан авах, 2014 оны тавдугаар сард ОХУ-ын “Роснефть”-тэй урт хугацааны гэрээ байгуулан, олон улсын биржийн үнэд суурилсан томъёоллоор авах болсноор газрын тосны бүтээгдэхүүний тасалдал, хомсдол гараагүй, хангамжийн үйл ажиллагаа өнөөг хүртэл хэвийн явагдаж байна. “Роснефть”-ээс олон улсын биржийн үнэд суурилсан томъёоллоор тооцох болсноор хойд хөршөөс импортлох газрын тосны хэмжээ нэмэгдсэн. Энэ оны 10 сарын байдлаар газрын тосны бүтээгдэхүүний 93.9 ОХУ, 3.8 БНСУ, хоёр хувийг БНХАУ, үлдэх 0.3 хувийг бусад улсаас импортолсон дүн бий. Эхний 10 сарын байдлаар манай улс нийт 965.296 тонн бүтээгдэхүүн импортолсон. Төрлөөр нь ангилбал нийт импортын таван хувийг 90-ээс доош октантай автобензин, 28 хувийг 90-ээс дээш октантай автобензин, 48 хувийг Дизелийн түлш, хоёр хувийг онгоцны түлш, үлдсэн 17 хувийг бусад буюу хийн түлш, тос, тосгооны материал, мазут эзэлж байна. Өнөөдрийн бадлаар БНХАУ-ын “Чайна-Ойл” компаниас импортолж буй шатахууны хилийн үнэ “Роснефть”-ийнхтэй харьцуулахад өрсөлдөхүйц хэмжээнд хүрээгүй байгаа тул 2017 онд дахин хэлэлцээр хийж, гуравдагч орнуудаас автобензин, дизелийн түлш импортлох боломжийг нэмэгдүүлнэ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин