“Монголын геологи, Хайгуул-2018” арав дахь удаагийн чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал АМГТГ дээр боллоо
Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар 2009 оноос жил бүр зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 10 дахь удаагаа зохион байгуулагдах талаарх хэвлэлийн хурал өнөөдөр АМГТГ дээр боллоо. Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2018 оны 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д зохион байгуулна.
Хэвлэлийн хуралд АМГТГ-ын орлогч дарга М. Энхжаргал, ХЭХ-ийн дарга Ж.Батмагнай, Кадастрын хэлтсийн дарга Д. Дашзэвэг ГХХ-ийн дарга М. Батбаяр, АМГТГ-ын мэргэжилтэн Б.Сүнжидмаа чуулга уулзалтыг зохион байгуулах зөвлөлөөс МҮГХолбооны гүйцэтгэх захирал М. Очирбат, МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч Б. Бат, МХЕГ-ын ГУУХ-ын улсын ахлах байцаагч Л. Цэвээнравдан, МҮГХолбоо Д. Бат-Эрдэнэ. ШУТИС ГУУС-ын багш Д. Хашбат, ШУА-ын Палентологи геологийн хүрээлэн. Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Тунгалаг нар оролцож мэдээлэл өгөв.
“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, региональ болон ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, элчин сайдын яамны илтгэлүүд тавигдахаас гадна “геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд хайгуулын болон хайгуулаас олборлолтод шилжих шатны хөрөнгө оруулалт болон технологийн хамтрагч хайж байгаа төслүүдээ танилцуулах "Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт"-ыг чуулганы 2 дахь өдөр зохион байгуулах юм.
Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, ашигт малтмалын орд газруудын эрэл, хайгуулын ажлыг хийж, нөөцийг нэмэгдүүлсэн ажлын үр дүн, улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Хайгуулын шилдэг баг”, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, үр дүнгийн тайлан бичиж хамгаалсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Зураглалын шилдэг баг”-аар шалгаруулна.
Энэ үеэр Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, төслийн үзэсгэлэнгээс гадна “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулах бол чуулга уулзалтын дараа буюу 3 дахь өдөр “Алтны эпитермаль ордын геологи загвар, эрэл хайгуулын арга аргачлал”, “Зайнаас тандан судлах арга, аргачлалыг геологи хайгуулд хэрэглэх нь” гэсэн сэдвүүдээр Монгол Улсын их сургуульд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн 8 модул оноо бүхий сургалт явагдах аж.
Чуулга уулзалтын хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлъя” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Монгол Улсын гавъяат багш Д.Чулуун, доктор С.Хишигсүрэн нар удирдан явуулах бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/monseg.monseg, http://www.mmer.mn/ зэрэг цахим хуудаснаас авах боломжтой.
АМГТГ