"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршилт, тохируулгын нээлт боллоо
Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтын хүрээнд Тавантолгойн ордыг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой” ХК Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эдгээр төслийн нэг болох Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, өчигдөр /2024.06.20/ төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг нээв.
Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, "Норинко Интернэшнл Күүперэшн" корпорацийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ян Шяо Чин, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гуйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал тэргүүтэй зочид төлөөлөгч оролцож, үйлдвэрийн анхны тэжээл өгөх туршилтын үйл ажиллагааг эхлүүллээ.
Нүүрс баяжуулах үйлдвэр нь хоёр үе шаттайгаар нийт 30 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах юм. Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах бөгөөд улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлнэ.
Мөн төслийн хүрээнд 472-928 шууд ажлын байр шинээр бий болж, жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, улмаар ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, илүү сайн чанарын коксжих чадвартай баяжуулсан нүүрсийг өндөр үнээр борлуулах зэргээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг нэмэгдэж, улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих юм.
Төслийн нийт санхүүжилт 1 тэрбум ам.доллар бөгөөд одоогоор 300 орчим сая ам.долларын санхүүжилт хийгээд байна. Нүүрс баяжуулах үйлдвэр нь ази номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой гэдгээрээ онцлогтой.
Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко Дади” түншлэл “Дади Инженеринг Девелопмент Групп” компаниуд оролцож УУХҮЯ, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн инженерүүд хяналт тавьж ажилласан байна.
Тамрамд дурдахад, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталж, нүүрсний арилжааг Монголын Хөрөнгийн биржээр явуулах шийдвэр гарч, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлсэн билээ. Энэ хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК 2023 оноос биржийн арилжааг нэвтрүүлж, нүүрсээ хил нөхцөлтэйгөөр өндөр үнээр борлуулж эхэлснээр компанийн ашиг орлого нэмэгдэж, 3.5 их наядын төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 3.4 сая иргэнд 760 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна.