Г.Оюунтуяа: Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг ажлын үр дүнгээрээ манай хамт олон бахархдаг
Сэтгүүлч М.ДАВААДУЛАМ
Манай улстаа томд тооцогддог уул уурхай газрын тосны бүтээгдэхүүн шинжилдэг нэгэн лабораторийн үйл ажиллагаатай танилцахаар бид Улаанбаатар хотын баруун жигүүр тийш зорив. Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа салбарын нэг нь яах аргагүй нүүрсний салбар. Тэр дундаа улсын төсөвт нүүрсний экспорт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг харж, мэдэж байна. Ийнхүү төсөв санхүүгийн томоохон эх үүсвэр болсон нүүрс, тэр дотроо Монгол Улсаас экспортод гаргаж буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний 90 гаруй хувийг 2016 оноос өнөөдрийг хүртэл шинжилж, чанарыг тогтоож буй томоохон лабораторийн нэг нь АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лаборатори /УУГТТЛ/ юм. Энэ лабораторийн хамт олон цар тахлын үеийн хөл хорионд ч зогсолтгүй ажилласан нь нүүрсний экспорттой холбоотой аж. Биднийг очиход эдний ажил ид өрнөж байв. Нүүрсний шинжилгээний лабораторийн хэсэг рүү ороод тэнд ажиллаж буй техник хэрэгслийн өнгө үзэмжийг хараад саяхан авсан юм болов уу гэх бодол төрсөн ч 2013 онд авчирч суурилуулсан тухай сонсоод ажилдаа эзний ёсоор хандаж, сэтгэл зүрхээ бүрэн зориулсан хүмүүс байна гэдгээр нь бахархсан. Энэ төв лабораторийн даргаар Г.Оюунтуяа гэх мэдлэг боловсрол өндөртэй, үг яриа сайтай даруухан бүсгүй ажиллаад нэг жил гаруй болж байгаа ажээ. Түүнээс лабораторийнхоо түүх, үйл ажиллагаа, чиглэл, зорилтын тухай, өөрийнхөө тухай ярьж өгнө үү гэж хүсэхэд тэрбээр:
Миний хувьд Чех улсын Прага хотод Карлын их сургуулийг 1992 онд геохимич мэргэжлээр төгссөн. Эх орондоо 1996 онд ирээд ажлын гараагаа Хэнтий аймгийн Бэрхийн уурхайгаас эхлэн МХЕГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад 2013 оноос АМГТГ-ын Уул уурхайн хэлтэст ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл энэ байгууллагадаа ажиллаж байна даа. Би яах вэ, лабораторийнхоо тухай ярья.
Манай лаборатори өнөөдрийн байдлаар дарга, ахлах шинжээч хоёр, шинжээч тав, дээж бэлтгэгч нэг, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн, хүчний хувьд нэлээд хомсдолтой ажиллаж байгаа хэдий ч мэргэжлийн мэргэшсэн шинжээч нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд амжилттай сайн ажиллаж байна.
Багаж, тоног төхөөрөмжийн хувьд нэлээд боломжийн, шат дараалалтайгаар шинэчлэгдэж байгаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй. 2014 онд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нэг тэрбум 234 сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн шинжилгээний арван нэр төрлийн үндсэн багаж, 93 ширхэг тоног төхөөрөмжийг суурилуулсан. Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд нэг тэрбум 181.3 сая төгрөгөөр газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний 11 төрлийн тоног,төхөөрөмжийг суурилуулсан. Энэ нь өөрөө их өндөр зардал сонсогдож байгаа боловч орчин үеийн өндөр нарийвчлал бүхий багаж, тоног төхөөрөмжүүд өндөр үнэтэй, үүнийгээ дагаад стандарт уусмал, сэлбэг хэрэгслүүд нь их өндөр үнэтэй, нийлүүлэлтийн суваг хязгаарлагдмал, цаг хугацаа их ордог л доо.
Ер нь бол манай лаборатори бас нэлээд урт хугацааны түүхтэй. Анх 1968 онд ТЭХЯ-ны харьяа Химийн туршилт судалгаа, шинжилгээний төв лаборатори нэртэйгээр байгуулагдаад 2009 оноос эхлэн АМГ-ын харьяанд ирсэн. 2016 он хүртэл хатуу түлш болон уул уурхайн улмаас бохирдсон хөрс, усны шинжилгээ хийж байгаад 2016 онд Ашигт малтмалын газар болон Газрын тосны газар нэгдэж Ашигт малтмал, газрын тосны газар болж байгуулагдсанаар “Уул уурхай, газрын тосны төв лаборатори” нэртэйгээр Хатуу түлш, уул уурхайн бохирдлын шинжилгээний хэсэг, Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний хэсэг гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай лабораторийн эрхэм зорилго бол газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол улсад мөрдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм.
Харин чиг үүргийн тухайд шатах ашигт малтмалын химийн найрлага, бүтэц, физик, механик, дулааны шинж чанарыг тодорхойлох шинжилгээ, туршилт гүйцэтгэх. Түүнчлэн шатах ашигт малтмалыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авах, байгаль орчинд хор нөлөө багатай ашиглах туршилт, судалгаа гүйцэтгэхээс гадна экспортын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний чанарын түвшинг тодорхойлж, хяналт тавих үүрэгтэй. Мөн уул уурхайн орчны хөрс, усны бохирдлыг тодорхойлох шинжилгээ, туршилт гүйцэтгэх, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгддэг.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай лаборатори долоон удаа итгэмжлэгдсэн байгаа. Энэ нь манай лабораторийн сорилт, хэмжилт, шалгалт тохируулгын чадавхийг хангалттай түвшинд байгааг харуулж байгаа тул лабораторийн үр дүнг найдвартай, үнэн зөв, бодлого боловсруулахад ашиглах боломжтой гэсэн үг л дээ.
Мөн 2015 онд “Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага” (ILAC)-ын тэмдэгтийг хэрэглэх эрх авсан. Үүний дүнд ILAC-ын ХХЗХ-т гарын үсэг зурсан 70 орны 85 итгэмжлэлийн байгууллагын хүрээнд манай лабораторийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. ILAC-ын Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрийн тэмдгийг үндэсний итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хослуулан хэрэглэх нь гадаад, дотоодод итгэмжлэлийн байгууллага болон өөрийн лабораторийг сурталчлах, олон улсын хэмжээнд үр дүнг нь хүлээн зөвшөөрснийг илтгэх нэр хүндийн асуудал юм даа гэж ярьснаар бидний яриа түр завсарласан.
Эднийх боловсон хүчний тухайд лабораторийн дарга, газрын тос болон шатах ашигт малтмал хариуцсан ахлах шинжээч, нүүрс, хөрс ус, газрын тосны бүтээгдэхүүн шинжээч, дээж бэлтгэгч гэсэн орон тоотой цомхон хамт олон ажилладаг гэнэ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, ажилч хичээнгүй шижигнэсэн сайхан залуучууд ажилладаг гэдгийг яриандаа онцлон хэлж байгаа даргын үгнээс харахад ажлын залуучуудынхаа мэдлэг боловсролд тэр хэрээр итгэдгийн бас нэг илрэл болов уу. Г.Оюунтуяа дарга биднийг улс эх орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж буй шинжилгээ хийж байгаа нүүрсний шинжилгээний лабораторид орж ажил байдалтай нь танилцахыг хүслээ.