Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны Хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаатай  Монгол Улсад хийгдэж байгаа уламжлалт болон уламжлалт бус газрын тосны эрэл хайгуулын талаар ярилцлаа.  

Уламжлалт, уламжлалт бус газрын тос гэсэн нэршлүүд сүүлийн үед элбэг тохиолдох боллоо. Та ялгааг нь уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Ургамал, амьтны үлдэгдлээр баялаг шавар, занар, нүүрс зэргээс дулааны өдөөлтөөр геологийн урт хугацаанд нүүрстөрөгч, устөрөгчөөс бүтсэн нэгдлүүд үүсдэг. Үүнийг нийтэд нь газрын тос гэж нэрлэдэг. Түүнд шингэн төлөвт байгаа тос, хийн төлөвт байгаа байгалийн хий, хатуу төлөвт байгаа битум бүгд хамаарна.

Газрын тосыг ерөнхийд нь уламжлалт, уламжлалт бус гэж хоёр хувааж үздэг. Өнгөрсөн зууны дунд үеэс газрын тосыг шингэн хэлбэрээр цооногоос ямар нэгэн инженерийн нэмэлт арга хэмжээгүйгээр дан насосоор олборлодог байсан бөгөөд одоо энэ аргаар ашиглаж болох газрын тос, байгалийн хийг уламжлалт газрын тос гэж нэрлэдэг. Манай улсын Тамсаг, Тосон-УУл, Зүүнбаян, Цагаан Элсний ордууд нь бүгд уламжлалт аргаар олборлож байгаа газрын тосны ордууд юм.

Уламжлалт аргаар ашиглах, олборлох боломжгүй, харин дэвшилтэт техник, технологиор олборлох боломжтой хуримтлалуудыг уламжлалт бус газрын тос гэнэ. Технологи өндөр хөгжсөн компаниуд шатдаг занараас газрын гүнд нь эсвэл үйлдвэрт дулааны боловсруулалтын аргаар тосыг нь ялгаж авч байна. Тостой занарын хуримтлалыг инженерийн аргаар гүнд нь ан цавжуулж, дулааны үйлчлэл үзүүлснээр түүний дотор байгаа тосыг шингэрүүлж, урсах боломжтой болгон олборлож байна. Мөн нүүрсний давхаргад хуримтлагдсан метан хийг олборлохдоо нүүрсийг ан цавжуулж, метан хийг чөлөөлөх технологийг хэрэглэж байна.

Газрын гүнд байгаа газрын тос, байгалийн хий нь эцэстээ тоолж баршгүй олон төрлийн бүтээгдэхүүн болж боловсруулагдаад хэрэглэгч нарын гар дээр очих хүртлээ олон үе шатыг дамждаг. Энэ үе шатыг тодорхой тоймлобол?

Газрын тосыг эрэх, хайх, орд болгон хөгжүүлэх, олборлох үйл ажиллагааг ерөнхийд нь “дээд урсгал” гэж нэрлэдэг. Ордоос боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэх, хадгалах, нөөцлөх үйл ажиллагааг “дунд урсгал” гэдэг бол түүхий тосноос бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэдгээрийг хэрэглэгч нарт түгээх үйл ажиллагааг “доод урсгал” гэдэг.

Манай улсын хувьд газрын тосны дээд, доод урсгалын үйл ажиллагаанууд явагдаж байгаа бөгөөд ялангуяа доод урсгалын гол ач холбогдол бүхий газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил Дорноговь аймгийн нутагт амжилттай явагдаж байна. Тамсагийн сав газраас газрын тосны боловсруулах үйлдвэрт газрын тос дамжуулах 530 км урт хоолой баригдах гэж байна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд газрын тосны дээд урсгал нь дунд болон доод урсгалтай холбогдсоноор газрын тосны салбар бүрэн, цогц хөгжих үндсэн суурь нь юм. Энэ нь улс орны эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдэг нь маш тодорхой.

Газрын тосны салбарын дээд урсгал хэрхэн үүсдэг юм бэ?

Газрын тос нь тунамал хурдсаар дүүрсэн сав газрын дотор үүсдэг. Эрлийн ажил гэдэг бол тухайн талбайд ийм сав газар байна уу, үгүй юу, хэрэв байгаа бол түүний дотор тос үүсгэдэг занар хуримтлагдаж уу, үгүй юу, хэрэв хуримтлагдсан бол энэ нь чанагдаж тосоо үүсгэж үү үгүй юу гэдгийг тандан судлах эхний шатны тойм судалгаа юм. Ийм учир эрлийн ажлын хүрээнд геологийн маршрутын ажлууд, региональ геофизикийн ажлууд, хэрэв шаардлагатай гэж үзвэл гүехэн цооног өрөмдөх ажлууд хийгддэг. Эрлийн ажлын үр дүн бол цаашид хайгуулын ажил хийх эсэх тухай шийдвэрийг гаргадаг.

Хайгуул нь эдийн засгийн ашигтай олборлолт хийж болох газрын тосны хуримтлалыг олж тогтоох зорилготой. Хайгуулын ажлын хүрээнд 2 болон 3 хэмжээст чичирхийлэл, хайгуулын гүн өрөмдлөгүүд, цооногийн туршилт, нөөц, баялгийн үнэлгээ, эдийн засгийн тооцооллын ажлууд хийгддэг.

Ашиглалтын шатанд, нээгдсэн ордод олборлолтын цооногуудыг өрөмдөх, олборлолтыг дэмжих инженерийн байгууламжуудыг барих, тосыг уснаас ялгаж цэвэршүүлэх байгууламж болон бүтээгдэхүүнийг ачих, буулгах байгууламжуудыг барьж байгуулах бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүний үр дүнд тос, хийг олборлох үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрднэ.

Иймд газрын тостой холбоотой үйл ажиллагааг эрэл, хайгуул, ашиглал гэсэн 3 үндсэн хэсэгт хуваадаг юм.

Улсын хэмжээнд газрын тосны эрэл, хайгуулын чиглэлээр улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар (2021.09.17) Монгол улсын хэмжээнд газрын тосны эрлийн 3, хайгуулын 18, ашиглалтын 3, уламжлалт бус газрыг тосны эрлийн 13, хайгуулын 6, талбайд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулж байна. Газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь зардал ихтэй, эрсдэл өндөртэй тул манай орны хувьд улсын төсвөөс энэ салбарт одоохондоо хөрөнгө оруулалт хийх боломжгүй байна. Иймд манай улсад газрын тостой холбоотой үйл ажиллагааг Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар явуулж байна. Гэхдээ, шинээр баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор хангахын тулд 2021 онд УИХ-аас “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг, Засгийн газраас “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх” журмыг баталсан. Энэхүү хууль, эрхзүйн баримт бичгүүдээр Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК нь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулах эрхтэй болж байгаа юм.

Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар явуулж байна гэж та хэллээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай болон хийгдэж байгаа  хайгуулын ажил хэр явагдаж буй талаар мэдээлэл өгөөч?

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дотор рояалти, өртөгт тос, ашигт тос гэсэн хэд хэдэн чухал ойлголтууд бий. Рояалти буюу нөөц ашигласны төлбөрт оногдох тос гэдэг нь тухайн аж ахуйн нэгж Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс газрын тос олборлож байгаа гэдэг утгаараа Засгийн газарт төлж байгаа төлбөр юм. Үүнийг уламжлалт газрын тосонд олборлосон бүтээгдэхүүний 5-15 хувь, уламжлалт бус газрын тосонд 5-10 хувь байхаар хуульчилсан. Өртөгт тос гэдэг нь хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд гарсан зардлуудыг нөхөхөд зориулсан тос. Энэ нь зардлыг хариуцаж байгаа хөрөнгө оруулагчид оногдоно. Өртөгт тос нь олборлосон тосноос нөөц ашигласны төлбөрт оногдох тосыг хасаад үлдэх тосны 40 хүртэл хувь байхаар хуульчлагдсан. Ашигт тос гэдэг нь олборлосон тосноос нөөц ашигласны төлбөрт оногдох тос, өртөгт тос хоёрыг хасаад цэвэр энэ үйл ажиллагаагаар ашиг олж байгаа тос юм. Хамгийн гол нь ашигт тосноос олсон борлуулалтын орлогыг Засгийн газар, аж ахуйн нэгж хоёр бие биедээ ашигтайгаар, шударга зарчмаар хувааж авах ёстой. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд талууд рояалти, өртөгт тос, ашигт тосыг хуваах хувь хэмжээгээ тохирч баталгаажуулдаг. Цаашилбал гэрээнд ордын татан буулгалт, байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутгийн хөгжлийг дэмжих асуудлууд, талбайн үе шаттай буцаалтууд, хөрөнгө оруулалтын хэмжээ, хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, хуваарь зэрэг олон чухал асуудлуудыг тусгадаг. Хайгуулын ажил эхлэхээс өмнө гэрээг байгуулна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний гол зарчим нь Засгийн газрыг эрсдэлээс бүрэн чөлөөлсөн байдагт оршино. Зарлагдсан хайгуулын талбай дээр газрын тосны хайгуулын ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон аж ахуйн нэгж буюу гэрээлэгч нь үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцна. Түүнчлэн Засгийн газраас олгогдсон тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эдийн засгийн ашигтай хуримтлалыг олж чадахгүй бол энэ үйл ажиллагаанд зарцуулсан зардал мөнгөөрөө хохирох эрсдэлийг аж ахуйн нэгж өөртөө бүрэн хүлээнэ. Эдийн засгийн ашигтай газрын тосны хуримтлал олсон тохиолдолд аж ахуйн нэгж нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд газрын тос олборлох бөгөөд зардлаа өртөгт тосоор нөхөх, ашигт тосыг Засгийн газартай гэрээнд тохиролцсон хувь хэмжээгээр хуваах юм. Орчин үед дэлхийн ихэнх улс орнуудад газрын тосны дээд урсгалд явуулж байгаа үйл ажиллагааг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гүйцэтгэж байна. Энэ нь Засгийн газрууд эрсдэл үүрдэггүй, хөрөнгө гаргадаггүй, харин ашгаас хувь авдгаараа давуу талтай юм. Нөгөө талаас хайгуулын ажлын үед авсан геологи, геофизикийн өгөгдлүүдийг тодорхой хугацааны дараа Засгийн газар дангаараа эзэмшдэг. Өндөр зардлаар олж авсан газрын гүний өгөгдөл, мэдээллүүд нь шинжлэх ухааны бусад салбаруудын хөгжилд том түлхэц болдог.

2020 оны байдлаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол орны хэмжээнд хүндийн хүчний судалгаа 272890 кмталбайд, соронзон орны судалгаа 77630 км2 талбайд, 35440.3 тууш км 2 хэмжээст чичирхийлэл, 6474 кмталбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдсэн байна. Түүнчлэн газрын тосны хайгуул, үнэлгээ, олборлолтын 1774, метан хийн хайгуулын 10 цооног өрөмдсөн байна. 2021 онд цар тахлын улмаас хайгуулын ажил зогсонги байдалтай байгаа боловч 200 тууш.км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдэж, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 10 цооногийг өрөмджээ.

Газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа хөрөнгө оруулалт өнөөдөр хангалттай хэмжээнд байж чадаж байгаа юуХайгуулын голлох хөрөнгө оруулалтыг ямар компаниуд хийж байна вэ?

Газрын тосны хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээ 2014 оноос хойш буурсаар байна. Энэ нь газрын тосны зах зээлийн үнэ ерөнхийдөө унаж байгаатай холбоотой юм. Уламжлалт газрын тосны хайгуулын голлох хөрөнгө оруулагчид нь БНХАУ-ын хөрөнгө оруулагчид. 2018 оноос уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд голлох хөрөнгө оруулагчид нь Австралийн компаниуд байна.

Газрын тосны салбарт  хайгуулын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулахад юунд илүүтэй анхаарал хандуулах нь зүйтэй вэ?

Манай улс анх газрын тосны тухай хуулийг 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3 бүлэг 15 зүйлтэйгээр баталж байсан. Энэ хууль нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 9 бүлэг 45 зүйлтэйгээр шинэчлэн батлагдсан. Хуулийн шинэчилсэн найруулга нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд шаардлагатай хууль эрхзүйн орчныг нэлээд тодорхой болгосон. Хуулинд 2015 онд нэг удаа шинэчлэлт орсон, дараагийн шинэчлэлт 2021 оны УИХ-ын намрын чуулганаар орохоор бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн 2021 онд “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хууль батлагдсан.

Та агаарын бохирдлыг шийдэх арга зам нь хийн түлш гэж ярьдаг хүний нэг. Хийн салбарын ач холбогдол, хөгжил ямар байна.

Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлоос салсан түүхийг судлаад үзэхээр хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт хэрэглэсэн явдал байдаг. Байгаль орчинд хамгийн бага хор хөнөөл учруулдаг, өртөг багатай хэрэглэхэд хялбар дөхөмтэй, аюул багатай эрчим хүчний эх үүсвэр Монголчууд бидэнд хэрэгтэй байна. Энэ нь хийн түлш гэдгийг хүн бүр мэддэг болсон.

Бид дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагш экспортолдог хамгийн чухал ашигт малтмал бол нүүрс. Нүүрсэнд агуулагдах метан хийг ашигласнаар  геополитикийн, нийгмийн, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Нүүрсний гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхээс өмнө метан хийг ашиглавал хийн дэлбэрэлтээс хамгаалж, аюулгүй ажиллах нөхцөл боломжоор хангагдана, үр ашиггүй агаарт цацагдах хийг мөнгө болгоно, хүлэмжийн хийг нэмэгдүүлэхгүй, эрчим хүчнийхээ салбарт хэрэглэн агаарын бохирдлоос бүр мөсөн салж хүн амын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангана, хоёр хөршийн хийн тээвэрлэлтийг дамжин өнгөрүүлэх баазыг бий болгоно. Олон улсад нүүрсний давхаргын метан хийг ашигласны дараа нүүрсээ ашиглах бодлогыг баримталж байгаа.

Метан хийг дэлхий нийтээрээ “ногоон түлш” гэдэг шүү дээ. Агаарыг бохирдуулдаггүй, хамгийн сайн түлш гэх нь бий. Энэ чиглэлээр нэлээд судалгаатай мэргэжилтний хувьд онцолж хэлэх зүйл юу байна вэ?

Тийм ээ. Метан хийг ногоон түлш гэж үздэг. Дэлхийн маш олон улс орон хийн түлшийг эрчим хүчнийхээ болон бусад салбарт хэрэглэж байна.  Монгол улсын хувьд ч гэсэн дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулах зорилт тавин ажиллаж байна. Манайх өргөн уудам газар нутагтай, нүүрсний арвин баялаг нөөцтэй, нүүрсээр мэргэшсэн олон геологичидтой тул хайгуулын ажлыг эрчимжүүлснээр метан хийн ордыг илрүүлэх боломжтой. Ордтой болбол метан хийн станцуудаа байгуулах боломж нээгдэнэ. Метан хийг газрын тосны дагалдах, занарын дагалдах, нүүрсний давхаргын гэх зэргээр ангилдаг. Мөн байгалийн хий гэж бий. Бүгд CH4 буюу метан боловч үүсгэж байгаа эх үүсвэр нь янз бүр. Монгол Улс 173.5 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Тогтоогдсон нөөц нь 36 тэрбум орчим тонн. Дэлхийд нүүрсний нөөцөөрөө эхний аравдугаарт ордог. Ийм учраас нүүрсний давхаргын метан хийн хуримтлал үүссэн байх маш өндөр боломжтой. Тэр ч утгаараа төр засгаас метан хийн салбарт маш их анхаарч, хөрөнгө оруулагчдыг эрэл, хайгуул хийх боломжоор ханган ажиллаж байна.

Метан буюу уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул эрчимжиж байна. Энэ тал дээр хэрэгжиж байгаа ямар ажлууд байна вэАмжилттай яваа төслүүдийг нэрлэнэ үү?

2014 оны Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “уламжлалт бус газрын тос” гэсэн нэр томьёо шинээр орсон. Энэ үеэс эхлэн нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын ажил эрчимжсээр байна.  

Нүүрсний давхаргын метан хийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд манай улсын засгийн газраас анхаарч 8 бодлого хөтөлбөртөө тусгаж, бодлогын хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд  “Метан хийн хангамжийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”,  Австрали-Монголын Эрдэс Баялгын Салбарын Хамтын Ажиллагааны АМЕП  төслийн хүрээнд “Нүүрсний давхаргын метан хийн болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”, “Монголын НДМХ–Татварын зохицуулалтын харьцуулсан үнэлгээ”, “Монгол орны НДМХ-ийн хэтийн төлвийн судалгаа” гэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна.

 Ашигт малтмал, газрын тосны газар нь 2018-2020 онуудад 6 талбайд 4 компанитай метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Тус 4 компанийн 3 нь Австрали улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгон  хайгуулын зардлаа санхүүжүүлэн,  өмнийн цэнхэр говьд хайгуулын ажлаа хийж байна. Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулсан амаргүй жилүүдэд хийн салбарын хайгуул тасралтгүй үргэлжилж Австрали улсын хөрөнгө оруулалттай  Жи Өү Эйч ХХК  Өмнөговь аймгийн нутагт орших Номгон IX талбайд 11481.35  тууш метр өрөмдлөг, 456,4 тууш.км  чичирхийлэлийн судалгааны ажил хийж 6 орчим  сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулаад байна.

Манай улсын нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн талаар уншигчиддаа ямар мэдээлэл өгөх вэ.?

Дээр дурдсан 4 компани маань 6 талбайдаа эрлийн ажил хийж хэтийн төлөвтэй гэж үзэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан.  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Метан” ХХК , “Тэлмэн ресурс”ХК эрлийн ажлын үр дүнгээрээ  308.5 тэрбум метр куб метаны баялаг байна гэж тооцоолсон. Баялаг, нөөц хоёр ялгаатай. Цөөхөн цооногоор ерөнхийдөө ийм баялаг байна гэдгийг тооцоолдог. Нөөц тооцоолохын тулд цооногуудын торлолыг нягтруулах буюу бүтцийг бүрэн тогтоохын тулд цооног хоорондын зайг ойртуулдаг. Тэгж байж бодитоор нөөцийг тогтоох боломжтой.

Газрын тосны эрэл хайгуулд тулгарч байгаа гол бэрхшээлүүд юу вэ, анхаарах асуудлууд юу байгаа болШийдвэрлэх гарц нь юу байх вэ?

Дотоод гол саад нь орон нутгийн эсэргүүцэл байна. Газрын тос бол стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмал учраас төрөөс онцгойлон анхаарч байгаа. Иймд энэ салбарыг шат шатандаа дэмжин, ард иргэддээ зөвөөр ойлгуулж, сурталчлан таниулах ажлууд хийгдэж байна. Харин гадаад бэрхшээл гэвэл хөрөнгө оруулалт багасч байна. Энэ нь нэг талаас газрын тосны зах зээлийн үнийн савлагаанаас хамаарч байгаа бол нөгөө талаас хөрөнгө оруулагчийн итгэлтэй холбоотой.

Монгол улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн зориулж Та салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Монгол улсын газрын тосны салбарт ажиллаж байсан нийт ахмадууд, одоо хамт ажиллаж байгаа салбарын бүх хамт олондоо газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн удахгүй 3 жилийн дараа Монгол улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор шаргуу ажиллаж байна. Тиймээс дотоодын үйлдвэрээ түүхий эдээр бүрэн, найдвартай, тасралтгүй хангахын тулд газрын тосны эрэл, хайгуулын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, газрын тосны нөөцөө өсгөх их ажил бид бүхнийг хүлээж байна. Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллая гэж уриалж байна. Хүн бүр өөрийн чадах ажлаа үнэнч шударгаар, сэтгэлээсээ, тултал нь хийвэл бидэнд хүрэхгүй чадахгүй гэх зүйл үгүй байх болно.

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа