“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Өвөрхангай аймагт болж байна.
Эрдэс баялгийн салбарын бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилго бүхий ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ уулзалт хэлэлцүүлэг
өнөөдөр ӨВӨРХАНГАЙ аймагт болж байна. Уулзалтыг нээж Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, АМГТГ-ын Орлогч дарга Б.Түвшинжаргал нар үг хэлэв. Уулзалтанд Өвөрхангай аймгийн бүх сумдын ИТХ-ын дарга, засаг дарга болон бусад холбогдох байгууллагын удирдлагууд, тухайн аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ И.ДОРЖСҮРЭН: АЙМГИЙН ДНБ-657 ТЭРБУМ ТӨГРӨГ. ҮҮНЭЭС УУЛ УУРХАЙ ОЛБОРЛОХ САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН 9.2 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 1.4 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ. ИЙМД АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ УУЛ УУРХАЙГААР ТЭТГЭХ ШААРДЛАГА БАЙНА.
Аймгийн бүх нутаг дэвсгэрийг тусгай хэрэгцээнд авсан 2006 оны тогтоол шийдвэрийг хүчингүй болгож, зөвхөн тахилгат хайрханууд, байгалийн унаган төрх хэв шинжийг агуулсан газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад үлдээж, бусад бүх нутагт эрдэс баялгийн эрэл хайгуулын ажил хийхэд саад учруулахгүй болгосон. Гэвч хөрөнгө оруулагчид манай аймгаас дөлж, бусад аймгуудад хөрөнгө оруулдаг болсон. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой. Ер нь дан ганц геологи, уул уурхай ч биш, газар тариалангийн үйл ажиллагаа ч мөн л маргаан мэтгэлцээнтэй байна. Иймд өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээс дээрх маргаан зөрчлийг хэрхэн зохицуулах, аймгийн эдийн засгийн чадавхийг уул уурхайгаар тэтгэх боломж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар харилцан нэг ойлголцолд хүрнэ гэдэгт найдаж байна.
Хэлэлцүүлгийн 2 дах хэсэг
Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.
Агентлаг, орон нутаг, болон аж ахуйн нэгжүүд хэлэлцүүлгээр ил тод хариуцлагатай уурхайг төлөвшүүлэхэд орон нутагт тулгарч байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцож байна. Мөн хэлэлцүүлэгт иргэд цахимаар оролцож байна.
Хэлэлцүүлгээс гарч буй голлох асуудал нь орон нутгийн иргэдийг эсэргүүцэл. Иймд аж ахуйн нэгжүүдийн зүгээс Төрөөс хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бол ажил хийх боломжоор хангах нөхцөлийг хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгаж баталгааг хангах орон нутгийн удирдлагуудын зүгээс иргэдийг энэ чиглэлд соён гэгээрүүлэх ажлыг бодлогоор хийх шаардлагатай байна. Мөн Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ард иргэддээ үйл ажиллагааныхаа талаар тайлбарладаггүй, иргэдтэй харилцаа үүсгэж чаддаггүй, хариуцлагагүй байдал нь бусдадаа муу үр дагавар үүсгэж байгаад сумдын удирдлагууд шүүмжлэлтэй хандаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг хэрхэн зохицуулахаар орж байгаа талаар асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлж байна.