“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хэлэлцүүлэгт Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь аймгийн Засаг дарга нар болон тус аймгийн Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Уул уурхайн компаниуд оролцож, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэж байна.

Дундговь аймгийн хувьд, нийт нутаг дэвсгэрийн 7,9 хувь буюу 529632,19 га талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн засаг дарга Ц.Мөнхбат “Орон нутагт нийтлэг тулгамддаг асуудал бол хайгуулын ажил хийхэд орон нутгийн иргэдээс санал авах талаар хууль, журамд тусгагдаагүй ч иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгардаг” гэдгийг онцоллоо. Иймд орон нутагт уул уурхайн төлөөлөгчийн нэгж байгуулах, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн байгууллага хоорондын цахим харилцааг сайжруулах, мөн нутгийн захиргааны байгууллагууд нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад геологи хайгуулын салбарын үйл ажиллагаа, хууль эрхзүйн орчны талаар тогтмол сурталчлан таниулах шаардлагатайг хөндөв.

Хэнтий аймгийн хэмжээнд нийт 0,26 сая га талбайг хамарсан хайгуул, ашиглалтын 208 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс болон жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн ашигт малтмалын олборлолт, борлуулалт өмнөх оноос 21 хувиар өсч 192.1 тэрбум төгрөгт хүрчээ. Уул уурхайн нийт 173 компани тус аймагт үйл ажиллагаа явуулж байгааг Засаг дарга Ц.Чогсомжав танилцуулсан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум нь төмөр замд холбогдсон, гаалийн бүстэй, баяжуулах үйлдвэрүүдтэй уул уурхайн түшиц сум гэдгээрээ онцлогтой. Хэнтий аймгийн Дархан, Галшар сумаар дамжин Сүхбаатар, Дорноговь аймгаас жонш, төмрийн хүдрийн тээвэрлэлт Бор-Өндөр сумруу хийгддэг. Үүнээс үүдэлтэйгээр бэлчээрийн газрын доройтол үүсч байна. Цаашид дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрлийг бууруулах, уул уурхайн компаниудын нйигмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтсон 1 автозамын маршрутыг бий болгох шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн.

Төв аймгийн хувьд 0,38 сая га талбайг хамарсан 386 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Нийт 10750,8 га талбай уул уурхайн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж буй бөгөөд үүний 64,67%-д техникийн, 35,47%-д биологийн нөхөн сэргээлт хийгджээ.

Дорнод аймгийн хэмжээнд 0,52 сая га талбайг хамарсан 157,

Сүхбаатар аймагт 0,28 сая га талбайг хамарсан 89 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудлыг яам, агентлагууд болон холбогдох байгууллагуудад хөндөн танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг хэлэлцэж байна.