АМГТГ-ын  шинэ дарга Л. Баярмандалтай ярилцав. Тэрээр удам дамжсан геологич. Түүний аав Монгол Улсын ардын багш, Төрийн соёрхолт, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, профессор Ж.Лхамсүрэн гуай юм. Ж.Лхамсүрэн 1960 онд МУИС-д геологич, инженерүүдийг бэлтгэх сургууль байгуулахад тулгын чулууг нь тавилцаж, 50 гаруй  жил багшилжээ. 3000 гаруй геологичийг төгсгөж, эрдэмтэн багш нарын хамт геологийн судалгаа явуулах лаборатори, кабинет тохижуулах, Эрдэс баялгийн музей байгуулж хөгжүүлэхэд тэргүүлэн оролцжээ.

Л. Баярмандал даргын хувьд уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/. ОХУ-ын Геологи Хайгуулын ДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгсжээ.

ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНД 13-14 ҮЗҮҮЛЭЛТЭЭР ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ШИНЖИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА
-Та 
2007-2011 онд Сүмитомо корпорацад менежерээр ажиллажээ.  Ямар төсөлд ажилласан бэ?
-Японд төгсөж ирээд шууд Таван Толгойн төсөлд оролцсон. Энэ  төслийн шалгаруулалтад Япон, ОХУ, БНСУ-ын 22 компанийн хамтарсан консорциум, АНУ-ын Пибоди, БНХАУ-ын Шинхуа компаниуд оролцсон юм. Гэвч Таван толгойн төсөл улс төрийн шалтгаанаар зогсонги байдалд орсон.
Би Сүмитомод 2011 он хүртэл ажилласан. Түүний дараа зөвлөх компаниа байгуулан, “Энержи ресурс” компанитай хамтран, Япон руу 20 мянган тонн нүүрсийг ОХУ-аар дамжуулан гаргах туршилтыг гүйцэтгэсэн. “Жаст групп”-тай төмрийн хүдэр олборлон боловсруулах судалгаа хийж байлаа. Мөн “Ньюком” группийн Б.Болд захиралтай хамтран газрын ховор элементийн төсөл хэрэгжүүлэх судалгаа хийж байв.
2014-2016 онд Газрын тосны газарт судлаачаар ажилласан. Энэ ажилд орох хүртлээ Геологийн судалгааны төвд өндөр технологийн түүхий эдийн эрэл үнэлгээний төслийн ахлагчаар ажилласан. 
-АМГТГ-ын даргын ажлаа юунаас эхэлсэн бэ?
-Ажил авсан өдрөөс шатахуун, түлшний чанарын шалгалтыг хийлгэх, нөөц нэмэгдүүлэхэд  анхаарсан. Манай мэргэжилтнүүд шатахуунд ус холих боломжгүй гэдгийг олон нийтэд газар дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүргэсэн. Ус, тос хоёр физик шинж чанарын хувьд өөр бодис тул холилдох ямар ч боломжгүй. Бид нэг л эх үүсвэрээс буюу ОХУ-ын Ангарскийн,  БНХАУ-ын  Хөх хотын боловсруулах үйлдвэрээс шатахуун авдаг. Манай Улсад борлуулж байгаа шатахуунууд лабораторийн шинжилгээгээр бүх үзүүлэлтээрээ чанарын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарсан. Тосны бүтээгдэхүүнд 13-14 үзүүлэлтээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээг хийж байгааг дурдах нь зүйтэй.

-Та цаашид ямар ажлуудад төвлөрч ажиллах вэ?
-Геологич геологичоо л хийх ёстой. Судалгаа, зураглал, эрэл, хайгуулаа хийх ёстой. Уурхайчин бол уурхайгаа  цогцоор олборлож, хариуцлагатай уул уурхайг эрхлэх ёстой юм. Манай салбарын суурь нь болдог хайгуул судалгааг эрчимжүүлэх цаг болсон. Хөрөнгө оруулагч хувийн хөрөнгөөрөө эрсдэл гаргаад, орд болох үгүй нь баталгаагүй талбайд хайгуул хийдэг. Алтны хайгуул хийлээ гэхэд гүнд байгаа чулуулгийн тогтоц, найрлага, бүтцийг давхар судалдаг. Шинжлэх ухааны судалгааг хамт хийж байдаг гэсэн үг. Хайгуул хийснээр олборлоно гэсэн үг биш. Дэлхийн дунджаар 100 хайгуулын талбайгаас нэг л орд илрүүлдэг.
Үлдсэн 99 төсөл ашиг олохгүй. Өнгөрсөн онд улсын төсвөөс 26, энэ онд 30 гаруй тэрбум төгрөгийг тойм судалгаанд зарцуулна. Үүгээр үндэсний хэмжээний томоохон илрэл олбол “Эрдэнэс Монгол”-д тусгай зөвшөөрлийг өгөх юм. Жижиг, дунд хэмжээний илрэл бол ААН-үүдийн дунд сонгон шалгаруулалт зарлах замаар ашиглана. Өндөр өртөг шаарддаг дараагийн шатны эрсдэлийг хувийн хэвшил үүрээд үргэлжлүүлнэ.

Гэхдээ хайгуулын лиценз бүрийг яаж ийж байгаад ашиглалтынх болгодог асуудлыг цэгцэлнэ. Ашиглалт явуулахад өндөр шаардлага тавина. Хариуцлагатай уул уурхай эрхлэх санхүүгийн чадавхтай байх, орон нутгийг дэмжиж хамтран ажилладаг байх, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийг сайн хийх, баяжуулах, боловсруулах зэрэг өндөр шаардлагууд тавина.
ААН-үүд баялгийг ашиглаж байгаа бол хуулийн дагуу орон нутгаа дэмжих, хүний нөөцөө орон нутгаас бүрдүүлэх ёстой. Уул уурхайн төсөлтэй нутгийн иргэд ч энэ баялгаас илүү хүртэж, сайхан амьдрах ёстой. Нутгийн иргэдэд ашиг ирэхгүй байгаа тул дургүйцэх нь аргагүй. Энэ оноос АМНАТ-ын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн санд олгодог байсан бол арван хувь болж нэмэгдлээ. Ингэснээр нийт 25 тэрбум төгрөгийг энэ санд оруулна. ААНОАТ-ын 40 хувийг нийслэл, 60 хувийг аймгуудад хуваарилах шийдвэр гарсан.

Ингэснээр тэгшитгэн хуваарилдгийг өөрчилж, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг сум, аймгууд илүү орлого авна. Орон нутгийн төсөв 600 орчим тэрбумаар нэмэгдэнэ. Орон нутгийн удирдлага өөрсдөө энэ санхүүжилтийг зарцуулах эрхтэй. Уул уурхайн төсөл хэрэгжиж буй сум, аймаг илүү хөгжинө. Ингэснээр  иргэдэд уул уурхайг хөгжүүлэх сэдэл төрнө. Манай салбарынхан ч энэ өөрчлөлтийг талархан хүлээн авсан.   

Манай агентлаг хэрэгжүүлэгч агентлаг. Засгийн газар, УУХҮЯамнаас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхийн төлөө ил, тод, шуурхай байж, хүнд суртлыг үгүй болгохын төлөө ажиллана.

-Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа цахимжуулж байна. Та бүхэн энэ чиглэлд ямар ажлууд хийх вэ?
-Засгийн газар, УУХҮЯ, манай агентлаг хамтран хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгохоор бэлтгэж байна. Ирэх  сар багтаан туршилтын сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөсөн. Tender.gov.mn-ээр бүх шалгаруулалт нээлттэй, ил тод явагдана. ААН-үүдийн сонгон шалгаруулалтад өгсөн үнийн  болон бусад мэдээллийг ил тод, нээлттэй болохоор хардлага сэрдэлт байхгүй болно. 

ААН-үүдээс авдаг жил бүрийн ажлын тайлан, төлөвлөгөөг цахимаар авдаг болсон. Цахим кадастрын бүртгэлийн систем-CMCS, цахим тайлангийн eReporting системийг ХБНГУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлээд гурван жил боллоо. Олон дахин буцдаг, цаг, хөрөнгө үрдэг байдал өөрчлөгдөж байна.

Уул уурхайн  ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийн таван жил тутам ТЭЗҮ шинэчлэх  журмыг цуцлах саналаа яаманд хүргүүлсэн. Энэ журам жижиг, орон нутгийн уурхайнуудад хүндрэлтэй, цаг, хөрөнгө шаарддаг. Өгч чадаагүй бол торгууль төлдөг. Цаашид уурхайнууд шаардлагатай нөхцөлд л ТЭЗҮ-ээ шинэчилж өгнө.

Мөн шатахуун борлуулдаг ААН-үүдэд олгодог бүртгэлийн гэрчилгээг цуцлах санаачилгыг манай мэргэжилтнүүд гаргаад судалж байна. Тусгай зөвшөөрөлтэй давхацдаг учраас стандарт, аюулгүйн шаардлагыг нь хянаад явахад боломжтой. Жишээ нь Ховд аймгийн нэг суманд тусгай зөвшөөрөлтэй ШТС барихад олон баримт бүрдүүлээд бүртгэлийн гэрчилгээг нийслэлд ирж авах шаардлагатай. Баримт нь дутуу бол Ховд руу буцаад явдаг. Бусад давхацсан,  хэрэгцээгүй журам, дүрмүүдийг хялбарчилж, зайлшгүй шаардлагыг тусгаж байхаар ажлын хэсэг гараад судалж эхэлсэн.

-УИХ-ын  хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Шинэчилсэн найруулгын гол өөрчлөлт юу вэ?
-Хууль боловсруулалтын шатанд байна. Өргөн барьсны дараа нээлттэй хэлэлцүүлэг, Улсын их хурлын байнгын хороодын хурлаар яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Манай агентлаг саналаа өгөөд, ажлын хэсэгт оролцоод явж байна.

2006 оны Ашигт малтмалын хуульд нийт 300 гаруй өөрчлөлт орсон гэдэг юм. Цаг үеэ дагаад хуулийг өөрчлөх бодит шаардлага байгаа тул хуулийг боловсруулж байна. Одоогийн хуульд эрэл хайгуул, ашиглалтын талаар тодорхой орсон ч баяжуулалт, уурхайн хаалтыг хэрхэх нь тодорхойгүй. Эрэл хайгуулаас хаалт хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог шинэчилсэн найруулгад оруулсан.

Манай улсад ордыг хэрхэн үнэлэх нь тодорхойгүй байна. Зэсийн үнэ гэхэд хэлбэлзэж байдаг. Одоо Татварын Ерөнхий газрын журмаар ордыг үнэлдэг. Нэг хүн жоншны ордоо худалдъя гэвэл яаж үнэлэх нь маргаантай. Энэ мэт орхигдсон асуудлыг хуульд оруулах шаардлагатай. Шинэчилсэн найруулгын төсөлд өмнө нь огт байгаагүй баяжуулалт, уурхайн хаалт, баталгааны сан, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн уялдаа холбоо зэргийг цогцоор нь оруулахыг зорьсон.

-Газрын тосны үйлдвэрийг хангалттай хэмжээний түүхий тосоор хангаж байж үйлдвэр ашигтай ажиллана. “Петро чайна дачин тамсаг” компанитай хэлэлцээ хийж байна уу?    
-Газрын тос нийлүүлэх хэлэлцээрийг Газрын тосны үйлдвэр хариуцан хийнэ. Манай агентлаг бүх талаар дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн онд Газрын тосны үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хуульд үйлдвэр өөрөө талбайтай байна гэж заасан. Газрын тосны Давст-31 талбайг хуулийн дагуу үйлдвэрийн мэдэлд өгсөн. Үйлдвэр өөрийн тостой болох бүрэн боломжтой. Цаг хугацааны асуудал.

-“Петро матад” компанийн хайгуул ямар шатанд яваа вэ? Энэ хайгуулд зарим мэргэжилтэн ихээхэн найдлага тээдэг.
-“Петро матад” компанийн хайгуулын талбайн Цэн тогоруу гэж нэрлэсэн өрөмдлөгөөс тос илэрсэн. Монгол геологичдын бие дааж, хайгуулаа хийгээд өрөмдсөн талбай учраас бахархалтай үйл явдал болсон. Мөн Лондоны биржид хувьцаагаа зарсан нь газрын тосны салбарт нээлттэй, хариуцлагатай байх жишгийг тогтоож байна.

-2021 онд хоёр удаа бензиний нийлүүлэлт саатсан. Дахин ийм зүйл болохгүй гэх баталгаа байна уу?
-Тэр явдал бол түлш шатахууны хангамж гадаад улсаас 100 хувь хамаардаг манай улсад том сургамж болсон. Засгийн газраас 30 хоногийн хэрэглээний нөөцтэй байдгийг 45 хоног болгохоор шийдэн, хэрэгжиж эхэлсэн. Мөн шатахууны нөөцийг  ААН-үүдээс цаасаар авах бус, хадгалдаг савнуудад очиж биетээр хэмжилт хийдэг болсноор бодит нөөцийг шуурхай тодорхойлох боломж бүрдлээ.

Мөн Монгол банкнаас нөөц бүрдүүлэхэд зориулж газрын тосны 28 ААН-д 300 тэрбум төгрөгийг 9 хувийн хүүтэй репо санхүүжилтээр олгосон. Тухайн ААН ямар хэмжээний газрын тос импортолдгоос хамаарч, хувилан санхүүжилт олгосон юм. ААН-үүд 45 хоногийн нөөц бэлдэж чадна, савны багтаамж хүрэлцэнэ гэдгээ илэрхийлсэн. Бид ААН бүртэй нөөцийн гэрээ байгуулж дууслаа. Үнэ зах зээлийн дагуу явна.  Гэхдээ зургаан сарын дундаж үнээр тооцож байгаа учраас огцом, өндөр савлагаа гарахгүй.

Бид ОХУ-аас нийт шатахууныхаа 95, БНХАУ-аас таван хувийг авдаг. Таван хувиа өсгөх хүсэлтээ урд хөршид тавьсан. Тэд боломжтой гэж хариулт өглөө. Гэхдээ их хэмжээгээр авах гэхээр шилжүүлэн ачих савгүй. Өмнө нь Эрээн-Замын-Үүд боомтоор төмөр замаар шатахуун оруулж байсан бол Гашуун Сухайтаар мөн авч эхэллээ. Замын-Үүдэд шингэн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих байгууламжийг хариуцдаг, улсын өмчит үйлдвэрийн газар бий.         

-Газрын тосны тээвэрт өргөн, нарийн царигийн зөрүү нэмэлт шат дамжлага үүсгэдэг үү?
-Үгүй. Зарим хүн урд хөршөөс орж ирэх галт тэрэг хилд тулаад зогсдог гэж ойлгодог. Тийм биш юм. Хятадын нарийн цариг явсаар Замын-Үүд орно. Мөн манай өргөн цариг Эрээн рүү орсон байдаг. Гашуун Сухайт яг ийм болно. Хятадын нарийн цариг наашаа Цагаан хад руу орж, манай өргөн цариг Ганц Мод хүрнэ.            

-Газрын тос элсэн чулууны сувагчлалд оршдог тул нөөцийг бүрэн олборлох боломжгүй. “Петро Чайна Дачин тамсаг” 2017 оноос эхлэн орд ашиглалтын төлөвлөгөөндөө 332 сая тонн нөөцийн 13 хувийг буюу 43 сая тонн тос л олборлоно гэжээ. Энэ хувийг 20-д хүргэх хэрэгтэй гэж зарим мэргэжилтэн зөвлөдөг. 
-Олборлолтыг нэмдэг аргууд бий. Газрын гүнд даралт нь багасаад тос байгалийн жамаар оргилохоо боливол ус, шингэн, хий шахаж, гарцыг нэмдэг. Технологийн хувьд бүрэн боломжтой ч өртөг нэмэгддэг тул тооцоогоо шинэчлэх шаардлагатай.

-Цар тахлын үеэр шатахууны үнэ нэг литр нь 30 ам.доллар болоход хэджингийн гэрээгээр хямд авах боломж  байсан уу?
-Д.Сумъяабазар сайд Уул уурхайн сайд байхад манай ААН-үүд хэджингийн гэрээ хийсэн. 2021 оноос яагаад хийгээгүй гэхээр үнэ өсчихсөн. ААН-үүд алдагдалд орохоос болгоомжилсон юм. Хэджинг үнийг тогтворжуулах давуу талтай. ААН-үүдэд хүчээр тулган, хэджингийн гэрээ хий гэж болохгүй. Хатуу нөхцөлтэй гэрээ  шүү дээ.     

ПЕГМАТИТЫН БОЛОН ТУНАМАЛ ГАРАЛТАЙ ЛИТИЙН ОРД, ИЛРЭЛҮҮД БАЙГААГ ТОГТООСОН       

-Бид хэдэн үеэрээ идэх нүүрсний нөөцтэй. Гэвч өндөр хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж эхлэв. Нөөцийг нь тогтоочихсон нүүрсээ бид яаж ашиглах нь зөв бэ?
-Нүүрснээс татгалзах нь эрчим хүчний нүүрсэнд л хамаатай. Коксжих нүүрсийг металлургийн салбарт хэрэглэдэг тул зах зээлийн зарчмаараа явна. Эрчим хүчний нүүрсийг одоогоор манай улсад зөвхөн шатааж, эрчим хүч гаргах зориулалтаар ашигладаг. Цаашид нүүрсийг хийжүүлэх, химийн түүхий эд гаргаж авч, аж үйлдвэрийн шинэ салбарыг хөгжүүлэх боломжтой, шинэ технологиуд гарч байгаа. Зарим ААН-үүд төсөл санаачлаад судалгаа хийж эхэлсэн. Цахилгаан станцуудад нүүрс шатаахыг хориглонгуут нүүрсээ яаж ашиглах талаар судалгаа эрчимжиж эхэллээ.  Гэхдээ том төслийн судалгаанд 10-20 жилийн хугацаа, их хөрөнгө  зарцуулдаг.

-Цахилгаан автомашин, эрчим хүч хадгалах шинэ технологийн улмаас лити, кобальт, никель олборлох өрсөлдөөн эрчээ  авлаа. Манай улсад  эдгээр эрдэс бий юу?
-Пегматитын болон тунамал гаралтай литийн орд, илрэлүүд тогтоосон. Кобальт, никелийн орд одоогоор илрээгүй, илрэл, эрдэсжсэн цэг бол байдаг. Үндэсний геологийн албаны харьяа Геологийн судалгааны төв өндөр технологийн түүхий эдийн эрэл үнэлгээний ажлыг эхлүүлсэн. Цаашид судалгааг эрчимтэй хийх шаардлагатай.

-Уул уурхайн салбарын 100 жилийн ой энэ онд тохионо. Та бүхэн түүхэн ойг угтан ямар ажлууд зохион байгуулах вэ?
-1922 оны арван хоёрдугаар сарын 25-нд Ардын засгийн газрын шийдвэрээр Налайхын уурхайг улсын мэдэлд авснаар, уул уурхайн салбарын түүх эхэлдэг. Энэ нь манай улсын  орчин үеийн уул уурхайн салбарын эхлэл юм. Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ой арван хоёрдугаар сарын 25-нд болно. Ойг тэмдэглэх ажлын хэсгүүд томилогдоод төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. 100 жилийн маань 70 жил нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн жилүүдэд, 30 жил нь зах зээлийн эдийн засагтай, хувийн хэвшил үүсэж бэхэжсэн он жилүүд байлаа. Уул уурхайн салбар эдийн засгийн голлох салбар болсон амжилтаар ойгоо угтаж байна.

Эхний далан жилд Эрдэнэт, Шивээ-Овоо, Багануур гэх мэт томоохон уурхайнууд ашиглалтад орсон. Энэ үед боловсон хүчнээ бэлдэхэд төрөөс ихээхэн анхаарсан. Сүүлийн 30 жилд “Оюу толгой”, “Цагаан суварга” гэх мэт хувийн хэвшлийн, олон хэлбэрийн ордууд үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Эдийн засаг хүндрэлтэй, цар тахал дуусаагүй байгаа тул 100 жилийн ойг ёсолж тэмдэглэхээ илүү салбараа таниулах, соён гэгээрүүлэх, ахмад үеэ алдаршуулж дурсах ажлуудыг түлхүү хийнэ.

Ирээдүйд  байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн баяжуулалт, боловсруулалтыг нэмэгдүүлэх үүрэг бидэнд ирж байна.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.