Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлд санал авах тухай
ТАНИЛЦУУЛГА
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж боловсрууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ., ...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Ил тод хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.7.5-д “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах;” гэж, 3.7.10-т “Ашигт малтмалыг олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох; “ гэж тус тус гэж заасан.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан байгуулагдан ажилласан.
Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж 2005 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын эзлэх хувийн жин 20 гаруй хувьд хүрсэн. Өнөөгийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71[1] хувь, экспортын 94 хувийг бүрдүүлж буйн хувьд энэ салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур багана болж байна. Энэ ч агуулгаар уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд дараах хүндрэлүүд тулгарч байна.Үүнд:
Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр байна.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.
Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшнаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулж байна.
Бусад орны эрх зохицуулалт, туршлагыг судлах хүрээнд энэ чиглэлээр БНХАУ-ын Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн сайн туршлага, бараа, бүтээгдэхүүний биржийн чадавхтай холбоотой учирч болох бэрхшээл, түүнээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хяналт, хариуцлагын асуудлыг тодруулах, биржид дэвшилтэд механизм нэвтрүүлэх аргалчлал, зэргийг харьцуулж, цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх биржийн үйл ажиллагааг судалсан болно.
Тухайлбал, Монгол Улсын Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн улсын Чикакогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараагаар фьючерсын худалдааг хийхээр зорьж буй бөгөөд фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдлийг бууруулах нөхцөл болох боломжтой юм. Мөн БНХАУ-ын Шанхайн металлын фьючерсийн биржийн эрх зүйн орчныг судлан, биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зуучлагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож брокерийн харилцааг боловсронгуй болгох хүрээнд биржийн сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Дээр дурдсан нөхцөл шаардлагын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болж байна.
Энэхүү бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.
Дээрх дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулав.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна.
Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг дараах байдлаар тусгана. Үүнд:
Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгалаа. Үүнд:
1.Хуулийн зорилт, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн нийтлэг үндэслэл;
2.Биржийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, бирж байгуулах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны дүрэм, журам;
3.Биржийн үйл ажиллагааны чиглэл, төрөл, биржийн арилжааны нөхцөл, журам, түүний зохион байгуулалт;
4.Биржийн үйл ажиллагаанд оролцох төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхойлно;
5.Биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг тодорхойлно;
6. Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт;
7. Биржийн үйл ажиллагаатай холбоотой маргаан шийдвэрлэх, хууль тогтоомж, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох.
Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ. Мөн биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болох юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжихийн зэрэгцээ татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Нөгөө талаас биржийн арилжааг амжилттай явуулах зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний гарал үүсэл, ангилал, кодчилол, чанарын шаардлага зэргийг нарийн тогтоох, улмаар биржийн ажиллагааг хангах техник, технологи, хүний нөөцийн чадавхийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад тогтоомжтой нийцүүлж боловсруулна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулна.
Холбогдох хууль тогтоомжуудыг эндээс татаж авна уу.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлд санал авах тухай хуулийн төслийг эндээс татаж авна уу.