Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд санал авах
Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд санал авч байна. Хуулийн төсөлтэй танилцан холбогдох саналыг anar.kh@mrpam.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хүнд үйлдвэр, судалгаа, техник, технологийн хэлтэс
Хэлтсийн дарга Х.Анар
Утас 99039698
И-мэйл anar.kh@mrpam.gov.mn
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны ...дугаар Улаанбаатар сарын ....-ны өдөр хот
ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүнд үйлдвэрийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хүнд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хүнд үйлдвэрийн хууль тогтоомж
2.1.Хүнд үйлдвэрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Инновацийн тухай хууль, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хууль, Газрын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар жижиг, дунд, хөнгөн, хүнсний үйлдвэрээс бусад боловсруулах үйлдвэртэй холбогдох харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“боловсруулалт” гэж тоног төхөөрөмж, технологийн шугамыг ашиглан түүхий эдийг бүтээгдэхүүн, эсхүл дараагийн шатны үйлдвэрлэлийн материалд хувиргах үйл явцыг;
4.1.2.“үйлдвэр” гэж боловсруулалт хийх зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө, технологийн шугам, техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц, дэд бүтэц бүхий цогцолборыг;
4.1.3.“хүнд үйлдвэр” гэж байгалийн эрдэс баялгийн гаралтай түүхий эд, материал, хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн, эд анги, хөдөлмөрийн зэмсэг эсвэл дараагийн шатны үйлдвэрлэлийн материалд хувиргадаг шинжлэх ухаан, технологийн багтаамж бүхий үйлдвэрийг;
4.1.4.“хүнд үйлдвэр эрхлэгч” гэж хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэ хуулийн 4.1.3-т заасан үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг;
4.1.5.“хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.2, 15.10.13, 15.10.15, 15.10.23, 15.10.24, 15.10.25-д заасан хүнд үйлдвэрийн чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг.
4.1.6.“үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ” гэж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрийн эрх бүхий байгууллага, орон нутгийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй хууль эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагааг;
4.1.7.“технологийн түвшний үнэлгээ” гэж Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНД ҮЙЛДВЭР, ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГО,
ЗАРЧИМ, ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ
5 дугаар зүйл.Хүнд үйлдвэр
5.1.Хүнд үйлдвэрт дараах үйлдвэрлэлийг хамруулна:
5.1.1.кокс болон газрын түүхий тосны боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
5.1.2. химийн бодис болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
5.1.3. резинэн болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл
5.1.4. төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл
5.1.5. металл боловсруулах үйлдвэрлэл
5.1.6.машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүн үйлдвэрлэл
5.1.7. компьютер, электроник болон оптик бүтээгдэхүүн үйлдвэрлэл
5.1.8. цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэл
5.1.9.бусад машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл
5.1.10.моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл
5.1.11.тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл
5.1.12.хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, зайлуулах; дахин ашиглах
6 дугаар зүйл.Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго, зарчим
6.1.Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго нь эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг ахиулах, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийг солонгоруулах замаар үндэсний аюулгүй байдал, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад оршино.
6.2.Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
6.2.1.эдийн засгийн үр ашигтай байх;
6.2.2.тогтвортой хөгжлийг хангах;
6.2.3.байгаль орчинд ээлтэй байх;
6.2.4.дэвшилтэт техник, технологийг хөгжүүлэх;
6.2.5.талуудын оролцоог тэгш хангах;
6.2.6.салбар хоорондын уялдааг хангах.
7 дугаар зүйл.Хүнд үйлдвэрлэл эрхлэх
7.1.Хүнд үйлдвэрийг энэ хуулийн 15.1.2-д заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт, зөвлөмж гаргуулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байна.
7.2.Энэ хуулийн 7.2-т заасан техник, эдийн засгийн үндэслэлд хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл дүгнэлт, зөвлөмж гаргах бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох хуулийн дагуу мэргэжлийн байгууллага гаргана.
7.3.Хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох журмыг хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО
8 дугаар зүйл.Дэмжлэгийн хэлбэр
8.1.Хүнд үйлдвэрт төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
8.1.1.санхүүгийн дэмжлэг;
8.1.2.бодлогын болон судалгаа хөгжүүлэлтийн дэмжлэг;
8.1.3.мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах дэмжлэг;
8.1.4.хүний нөөцийн хөгжлийн дэмжлэг.
9 дүгээр зүйл.Санхүүгийн дэмжлэг
9.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хүнд үйлдвэрийг барьж байгуулахад Засгийн газраас хөгжлийн болон хөрөнгө оруулалтын зээл олгох, баталгаа гаргах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан хүнд үйлдвэрт Засгийн газраас баталгаа гаргах тохиолдолд төр давуу эрх бүхий хувьцаа эзэмших болон шаардлагатай бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид давуу эрхтэйгээр зах зээлийн үнээр худалдан авна.
10 дугаар зүйл. Бодлогын болон судалгаа, хөгжүүлэлтийн дэмжлэг
10.1.Засгийн газраас хүнд үйлдвэрт бодлогын болон судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
10.1.1.хүнд үйлдвэрийн судалгаа, хөгжүүлэлтийн төсөл хөтөлбөрийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээнд хамруулах;
10.1.2.хүнд үйлдвэрт нэвтрүүлэх, нутагшуулах үндэсний болон олон улсын стандартыг боловсруулах, батлуулах ажилд дэмжлэг үзүүлэх;
10.1.3.хүнд үйлдвэрийн хууль тогтоомжийг төрөлжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татварын дэмжлэг үзүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
10.1.4.хүнд үйлдвэр барих газрыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр олгох;
10.1.5.хүнд үйлдвэрийн дэд бүтэц, барилга байгууламж барихтай холбоотой төрийн байгууллагаас олгох зөвшөөрөл, дүгнэлт болон зураг төсөл боловсруулж батлуулах арга хэмжээг холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.
10.2.Хүнд үйлдвэрийн чиглэлээр судалгаа, хөгжүүлэлт хийх этгээдэд дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
11 дүгээр зүйл.Хүнд үйлдвэр эрхлэгчдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах дэмжлэг
11.1.Хүнд үйлдвэрийг дэмжих зорилгоор хүнд үйлдвэрийн хөгжлийн төлөв байдлын тухай мэдээлэл бүхий салбарын мэдээллийн сан /цаашид “Мэдээллийн сан” гэх/-г ажиллуулах бөгөөд мэдээллийн сангаар дамжуулан хүнд үйлдвэр эрхлэгчид мэдээлэл, зөвлөгөө өгнө.
11.2.Мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
11.2.1.хүнд үйлдвэрийн салбарын төлөв байдал, хөгжлийн чиг хандлага, хүнд үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого;
11.2.2.хүнд үйлдвэр, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл;
11.2.3.хүнд үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний үндсэн төрлүүд, үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, импортын хэмжээ;
11.2.4.хүнд үйлдвэрт ашиглагдаж байгаа өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи;
11.2.5.хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл;
11.2.6.хүнд үйлдвэрийн норм, стандарт, техникийн шаардлага;
11.2.7.төрөөс дэмжлэг авсан хүнд үйлдвэр эрхлэгч болон дэмжлэгийн үр дүн, үзүүлэлт;
11.2.8.хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөц, боловсон хүчний хэрэгцээ;
11.2.9.хүнд үйлдвэрийн технологийн мэдээлэл болон түүнийг ашиглах заавар, арга зүйн зөвлөмж;
11.3.Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн санг үүсгэх, баяжуулах мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлал, боловсруулалт болон мэдээлэл түгээх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна.
11.4.Энэ хуулийн 11.3-т заасан байгууллага мэдээллийн системийг эрхлэн хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичиг, тайланг аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах эрхтэй.
12 дугаар зүйл.Хүний нөөцийн хөгжлийн дэмжлэг
12.1.Засгийн газраас хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дараах хэлбэрээр дэмжинэ:
12.1.1.дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэгийг хүнд үйлдвэрт шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцагчдад олгох ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;
12.1.2.салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12.1.3.гарааны бизнесийг эхлүүлэхэд шаардагдах хүний нөөцийн чадавхжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадварын тэмцээнийг дэмжиж ажиллах;
12.1.4.хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллага өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил үйлчилгээ эрхэлсэн бол ажлын байрын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
12.2.Энэ хуулийн 12.1.1, 12.1.3-т заасан дэмжлэгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, оюутны хөгжлийн зээлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ,
ХҮНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
13 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
13.1.Улсын Их Хурал хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.хүнд үйлдвэрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох;
13.1.2.хуульд заасан бусад.
14 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
14.1.Засгийн газар хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.хүнд үйлдвэрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
14.1.2.хүнд үйлдвэрийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж, батлуулах;
14.1.3.хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
14.1.5.хуульд заасан бусад.
15 дугаар зүйл.Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
15.1.Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлого, зорилтот хөтөлбөрийн биелэлтийг хангах;
15.1.2.хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
15.1.3.хүнд үйлдвэрийн салбарт хамаарах боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах;
15.1.4.хүнд үйлдвэрийн салбарт хамаарах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журмыг батлах;
15.1.5.хүнд үйлдвэрт тавигдах стандарт, шаардлага, үйл ажиллагаа эрхлэх ерөнхий журмыг батлах;
15.1.6.хүнд үйлдвэрийн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг их, дээд сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах;
15.1.7.Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хүнд үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх журам, үнэлгээний хэмжээг тогтоох аргачлалыг батлах;
15.1.8.хүнд үйлдвэрийн салбарыг бүтээгдэхүүний зах зээл, эрэлт хэрэгцээ, түүхий эдийн нөөцтэй уялдуулж хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
15.1.8.хүнд үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжих талаар санал боловсруулах, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, түүнийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, хяналт тавих, салбар хоорондын уялдааг хангах;
15.1.9.хүнд үйлдвэрийг шинээр байгуулах, хөгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн зохион байгуулах.
15.1.10.хуульд заасан бусад.
16 дугаар зүйл.Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
16.1.Хүнд үйлдвэрийн асуудлаар нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.хүнд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
16.1.2.энэ хуулийн 5.1.1-д заасан хүнд үйлдвэрийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр шийдвэрлэх;
16.1.3.харьяалах нутаг дэвсгэрт хүнд үйлдвэр барихаар олгогдсон газрыг зориулалтаар ашиглуулах, түүнд хяналт тавих;
16.1.4.хүнд үйлдвэрийг барьж байгуулахад орон нутгаас дэмжлэг үзүүлэх.
17 дугаар зүйл.Хүнд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүрэг
17.1.Хүнд үйлдвэр эрхлэгч дараах эрх эдэлнэ:
17.1.1.энэ хууль бусад хууль тогтоомжид заасан дэмжлэг авах;
17.1.2.хүнд үйлдвэрийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
17.1.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлох, олон улсын зах зээлийн үнээр борлуулах;
17.1.4.төрийн үйлчилгээг эрх тэгш хүлээн авах;
17.1.3.холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах;
17.1.5.хуульд заасан бусад.
17.2.Хүнд үйлдвэр эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
17.2.1.хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх;
17.2.2.эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, батлагдсан техник, эдийн засгийн үндэслэл, норм стандарт, техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэл эрхлэх;
17.2.3.нэвтрүүлсэн, нутагшуулсан технологи, эзэмшиж байгаа патент, лиценз, судалгаа, хөгжлийн ажлын үр дүн зэрэг технологийн шинэчлэлийн талаарх мэдээллийг тухай бүр мэдээллийн санд бүртгүүлэх;
17.2.4.ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;
17.2.5.Засгийн газраас олгосон зээл бусад дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, зарцуулалтын явц, үр дүнг жил бүр хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
17.2.6.хуульд заасан бусад.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
18.1.Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.1.1.хүнд үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах;
18.1.2.төр өөрийн мэдэлд байгаа дэд бүтцийн байгууламжийг хүнд үйлдвэр эрхлэгчид гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх;
18.1.3.төрийн оролцоотой хүнд үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн байдалд мониторинг, үнэлгээ хийхтэй холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэх;
18.1.5.төрөөс түншлэлийн талаарх эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ хувийн хэвшлийн санал, хүсэлтийг харгалзах, оролцоог нэмэгдүүлэх;
18.1.6.түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хүнд үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлах;
18.1.7.хүнд үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавихад орон нутгийн оролцоог хангаж, хамтран ажиллах.
18.1.8.хуулиар хүлээсэн бусад.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД
19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
20.1.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
Гарын үсэг
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны ...дугаар Улаанбаатар сарын ....-ны өдөр хот
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.8 дахь хэсэг нэмсүгэй:
“20.8.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хүнд үйлдвэрт хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад энэ хуулийн 20.1-д заасан хөрөнгө оруулалтын хэмжээнд тавих шаардлага хамаарахгүй.”
2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.2.4 дахь заалт нэмсүгэй:
“11.2.4.Хүнд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан үйлдвэр барих.”
3 дугаар зүйл. Энэ хуулийг Хүнд үйлдвэрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны ...дугаар Улаанбаатар сарын ....-ны өдөр хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай,” гэсний дараа “Хүнд үйлдвэрийн тухай,” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүнд үйлдвэрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны ...дугаар Улаанбаатар сарын ....-ны өдөр хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.10.23-15.10.25 дахь заалт нэмсүгэй:
15.10.23.нүүрс боловсруулах үйлдвэрлэл;
15.10.24.химийн үйлдвэрлэл;
15.10.25.тусгай зориулалтын техник, хэрэглэл үйлдвэрлэл;
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүнд үйлдвэрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны ...дугаар Улаанбаатар сарын ....-ны өдөр хот
ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ
ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүнд үйлдвэрийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан хүнд үйлдвэрт Хүнд үйлдвэрийн тухай хуулийн 6.4-т заасан журмын дагуу хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүнд үйлдвэрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө.
Гарын үсэг